ХОВД: Цэцэг сумынхан 6625 толгой малыг зах зээлд нийлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-11-12 10:04:46

Ховд /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн Цэцэг сум нь 3270 хүн амтай. Тус сумын 5 багийн 3 нь хөдөө аж ахуйн баг юм.


Энэ жил тус суманд 219 мянга гаруй толгой мал өвөлжинө. Иргэд дотоодын хэрэгцээнд 7297 толгой мал ашиглах ба 6625 толгой малыг зах зээлд нийлүүлэх урьдчилсан тооцоолол гарчээ.

Тус сумын нутагт бэлчээрийн ургамлын гарц дунд гэсэн үнэлгээтэй байна. Одоогийн байдлаар гадны сумаас буюу Чандмань, Дарви, Мянгад сумын 10 өрхийн 10 мянга гаруй мал Цэцэг сумын нутаг дэвсгэрт отор нүүдэл хийж иржээ.


Энэ жил
Цэцэг сумынхан өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 40 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэсэн байна.


Тус суманд 2022 онд улсын болон аймаг, сум орон нутгийн төсвийн 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 50 гаруй нэр төрлийн бүтээн байгуулалтын ажил хийж байна.

                      Засаг дарга Э.Болормаа Цэцэг сумын иргэдтэй уулзлаа


Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаагийн иргэдтэй хийх уулзалт үргэлжилж байна. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Цэцэг суманд ажиллаж, иргэд хөдөлмөрчдийн санал бодлыг сонслоо. Энэ удаагийн уулзалтад Цэцэг сумын иргэдийн төлөөлөл 100 гаруй хүн оролцсон юм.


Улмаар Цэцэг сумын эрүүл мэндийн төвийг өргөтгөх, eрөнхий боловсролын сургуулийн барилгыг шинэчлэх, цэцэрлэгийн барилгын их засвар хийх, Хөшөөт багт ундны цэвэр усны хангамжийг сайжруулах замаар шинээр худаг гаргах, сумын 04 кВт цахилгаан дамжуулах ашиглалтын шугам сүлжээг шинэчлэх чиглэлд аймаг орон нутгийн зүгээс анхаарч, дэмжин ажиллахыг нутгийн иргэд хүслээ.

Мөн тус сумын хэмжээнд нэн тэргүүнд хийх шаардлагатай ажлын талаар иргэдээс судалгаа авч, эрэмбэллээ.

Цэцэг сумын 106 иргэнээс авсан судалгаагаар:

1.Хөшөөтийн уурхайгаас төв зам хүртэлх чиглэлд 32 км хатуу хучилттай авто зам барих

2.Эрүүл мэндийн төвийн өргөтгөл хийх

3. Ерөнхий боловсролын сургуулийн өргөтгөл хийх

4.Хавцгайн ам гэх газарт услалтын систем бий болгох

5.Цэцэрлэгийн барилгын засвар хийх

6.Сумын төв доторх 04 кВт цахилгааны шугам сүлжээг сайжруулах гэсэн асуудлыг иргэд чухалчилж, эхний ээлжинд хэрэгжүүлэх талаар эрэмбэлсэн байна. Сумын иргэдтэй хийх уулзалт хуваарийн дагуу цаашид мөн үргэлжилнэ.


Холбоотой мэдээ