ХОВД: Өвөлжилтийн бэлтгэл ажил 90 орчим хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-11-16 13:58:42

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа тэргүүтэй ажлын баг өнөөдөр  Дуут суманд ажиллалаа.



Энэ үeэр аймаг, сум орон нутгийн цаг үeийн ажил, цаашдын зорилго, зорилт, тулгамдаж буй зарим асуудлын талаар мэдээлэл солилцов. 



Аймгийн Засаг дарга Э.Болормаа өнгөрсөн хоёр сар гаруй хугацаанд хийсэн ажил, баримталж буй бодлого, шийдвэрийнхээ талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Тэрбээр хэлсэн үгэндээ "амьдралын чанар, шударга ёс, шинэ сэргэлтийн бодлого" гэсэн гурван багц асуудлыг чухалчилж ажиллаж байгаа талаар онцлон хэллээ.



Сумын иргэд энэ өдөр санал хүсэлтээ нээлттэй илэрхийлэхийн зэрэгцээ зарим сонирхсон асуултад хариулт авлаа.

Мөн эрүүл мэнд, нийгмийн даатгал, хууль эрх зүй, газрын харилцаа болон бусад салбарын төрийн үйлчилгээг иргэдэд нэг цэгээс хүргэснээрээ онцлогтой.



Дуут суманд нэн тэргүүнд орон нутгийн төсвөөр хийх шаардлагатай ажлын талаар иргэдээс судалгаа авахад:

 

-Сумын төвийн 04 шугамын ТЭЗҮ хийлгэх, шинэчлэх

 

-Бизнeс инкубатор төвийн дээвэр, дотор засвар, халаалтын асуудлыг шийдвэрлэх

 

-Хөдөөгийн 3 багт бэлчээрийн усан хангамж сайжруулах

 

-Сургуулийн хичээлийн байрны үдийн хоол болон урлагийн заал засварлах

 

-Ховд аймгаас Дуут сум чиглэлд авто замын засвар хийх зэрэг асуудлыг чухалчилж, эрэмбэллээ.

    

Дуут сумын дулаан хангамжтай холбоотой үүссэн төлбөр (өр) болон дулааны станцын ажилтнуудын цалингийн асуудлыг шийдвэрлэх, залуу малчныг дэмжих, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, хүн амын шилжилт хөдөлгөөнийг сааруулахын тулд хөдөө орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, Сарлагийн борцны үйлдвэр, сүү цагаан идээ боловсруулах үйлдвэрийг байгуулах,  бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх гарц шийдэл олох зэрэг нэлээд саналыг иргэд хэллээ. 

 

Өвөлжилтийн бэлтгэл ажил 90 орчим хувьтай явж байна 



Дуут сум нь 1900 гаруй хүн амтай.  2022 онд улсын болон аймаг, сум орон нутгийн төсвийн нийт 3.3 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар 10 орчим нэр  төрлийн төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөснөөс 90 орчим хувьтай явж байна. 



Энэ жил 370 малчин, мал бүхий өрхийн нийт 150 мянга гаруй толгой мал Дуут сумын нутагт өвөлжих тооцоолол гарчээ.



Тус сумын нутагт бэлчээрийн ургамлын гарц тааруу,  бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн үзүүлэлттэй байгаа ч тусгай гэрээ, зөвшилцлийн дагуу зарим аймаг, сумын малчдыг отроор өвөлжүүлэхээр болжээ. 

 

Өөрөөр хэлбэл, Дуут сумын Хөх бэлчир багийн нутагт Баян-Өлгий аймгийн Булган сумаас 30 гаруй малчин өрхийн 10-15 мянган толгой мал отор нүүдэл хийж ирсэн байна.

 

Мөн Увс аймгийн Өлгий сум, Ховд аймгийн Чандмань сумаас 4 малчин өрхийн 2500 гаруй толгой мал отроор өвөлжихөөр ирсэн гэж сумын удирдлагууд хэллээ.

 

Дуут сумынхан одоогийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажлаа 90 орчим хувьтай хангасан гэж албаны эх сурвалж хэллээ.  


Холбоотой мэдээ