Боловсруулах шатны, лицензгүй компаниудаас АМНАТ авч байгааг эсэргүүцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-21 16:20:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхайн лиценз эзэмшигч нэг удаа төлөх ёстой АМНАТ (ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр)-ийг боловсруулах шатны, лицензгүй компаниудаас авч байгааг "Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо" ТББ эсэргүүцэж байна.


Тус ТББ-ын гүйцэтгэх захирал М.Буянбадрах мэдээлэхдээ, “Ашигт малтмалын тухай хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулснаар ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах шатанд АМНАТ давхар ногдуулж байгаа нь буруу юм. Үүн дээр нэмээд боловсруулах шатанд ялган авч, экспортолж чаддаггүй дагалдах эрдэс баялагт ч АМНАТ ногдуулсан нь нөхцөл байдлыг хүндрүүлж, үйлдвэрүүд өрөнд орж, хаалгаа барихад хүргэлээ. Тухайлбал, хүдэр боловсруулахад 70-80 хувь нь хаягдаж, 20 хувьд нь өртөг шингээн БНХАУ руу экспортолдог. Ингэхдээ олон улсын жишиг үнээр бус Эрээнд байгаа ченжийн үнээр зардаг. Тээврийн зардал, гаалийн төлбөр, боловсруулалтын өртөг нийлээд 50 ам.доллароор зарлаа гэхэд Засгийн газар тухайн бүтээгдэхүүнээс жишиг үнэ гээд 100-110 ам.долларын татвар авах жишээний. Татварын ерөнхий газраас боловсруулах үйлдвэрүүдэд АМНАТ-ийн алданги, акт ногдуулж, хэдэн тэрбумаар өр үүсгэж байгаа. Энэ янзаар компаниуд хуулийн өмнө буруутан болж, өмч хөрөнгөө алдах эрсдэлтэй байна” хэмээв.


УИХ-д удахгүй өргөн барих Ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцэж буй энэ цаг үед хуулиа засаж залруулахыг "Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо" ТББ ийнхүү мэдэгдсэн юм.


Дархан-Уул аймгийн хүдэр боловсруулах үйлдвэрийн захирал Л.Ням-Очир энэ үеэр, “Төр засгийн түвшинд албан бичгийг удаа дараа хүргүүлсэн ч дорвитой хариу алга. Татварын газраас манай компанид 7.5 тэрбум төгрөгийн өр ногдуулсан. Банкаас авсан зээлээ төлж дуусаагүй байхад өрөнд орчихлоо. Байгалийн баялгаа эх орондоо боловсруулъя гэдэг ч бодит байдал өөр байна. Манай улс байгалийн баялгийнхаа 95 хувийг БНХАУ руу түүхийгээр нь гаргаж, тэнд нэмүү өртөг шингээн, ажлын байр бий болгож байна. Энэ янзаараа цаашид энэ байдал засрахгүй нь” гэлээ. 

Холбоотой мэдээ