ЗАВХАН: Хүнсний бүтээгдэхүүнийг гялгар уутанд савлахгүй байхыг санал болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-11-23 12:24:00

Завхан/МОНЦАМЭ/. Үндэсний чанарын долоо хоногийн хүрээнд Улиастай суманд хэлэлцүүлэг болж, чанарыг эрхэмлэгч шилдэг байгууллагуудыг тодруулжээ.

Дэлхийн чанарын өдөр, Үндэсний чанарын долоо хоногийн хүрээнд “Хүнсний чанар-сав баглаа боодол, шошгололт” сэдвээр үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүд төрийн бус байгууллагуудын дунд хэлэлцүүлэг хийсэн.  

Хэлэлцүүлэгт Улиастай сумын 33 хүнс үйлдвэрлэгч оролцож, орон нутагт үйлдвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанар, стандарт, сав баглаа боодол, шошгололтын талаар санал солилцож ярилцлаа. Хэлэлцүүлгээс аймаг байгуулсны 100 жилийн ойг угтан хүнс үйлдвэрлэгчид хүнсний бүтээгдэхүүний чанар, стандартын хэрэгжилтийг сайжруулах.

2023 оны гуравдугаар сарын 1-ний дотор бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодлыг шинэчлэн стандартад нийцүүлэн хэрэглэж хэвших уриалгыг гаргалаа. Оролцогчид хүнсний бүтээгдэхүүнийг гялгар уутанд бус, харин цаасан уутанд савлах, үйлдвэрлэсэн огноог заавал тавих, хаяг шошгололтыг нэгдсэн стандартад барих. Хугацаа нь дууссан бүтээгдэхүүнүүдийг дэлгүүрүүдээс буцааж татдаг болох гэхчлэн асуудлуудыг санал болгов.

Дэлхийн чанарын өдөр, Үндэсний чанарын долоо хоногийг тохиолдуулан жил бүр чанарыг эрхэмлэгч байгууллага, шилдэг менежерийг шалгаруулдаг уламжлалтай. Тэгвэл, энэ жилийн чанарын өдрийг аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.  

Төрийн үйлчилгээний чанарт онцгойлон анхаарч, үйл ажиллагаандаа Чанарын менежментийн тогтолцоо ISO9001, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн менежментийн тогтолцоо ISO45001 стандартуудыг зэрэг нэвтрүүлж, төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, шуурхай хүргэж төрийн байгууллагуудаа чанараараа манлайлан ажиллаж байгаа аймгийн Онцгой байдлын газар “2022 оны Чанарыг эрхэмлэгч байгууллага”-аар шалгарлаа. Мөн “Чанарыг эрхэмлэгч Шилдэг менежер”-ээр Тосонцэнгэл сумын “Мөнх-Өвөгдий” ХХК-ний захирал С.Оюунсувд нар шалгарч, аймгийн Засаг даргын нэрэмжит чанарын шагналаар шагнууллаа гэж Завхан аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсээс мэдээлэв.

Ташрамд, Завхан аймгийн аж үйлдвэрийн салбарт 80 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаас монгол гутал, оёдол, талх, нарийн боов чихэр, жимсний чанамал, архи, дарс ундаа, хийжүүлсэн ус, хиам зэрэг боловсруулах аж үйлдвэрийн гол нэр төрлийн 13 бүтээгдэхүүн нь нийт үйлдвэрлэлийн 47.3 хувийг эзэлж байна.

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 25 тэрбум 302.7 сая төгрөг болж, өнгөрсөн оноос 4.9 хувиар буюу 1 тэрбум 184.9 сая төгрөгөөр өссөн. Нийт үйлдвэрлэлээс 23.7 хувийг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл эзэлж байна.

Өнөөдрийн байдлаар үйлдвэрлэгчид 296.6 тонн талх, 511.4 тонн нарийн боов, 29.1 тонн чихэр жимсний чанамал, 291.5 мянган литр ундаа, хийжүүлсэн ус, 29.2 тонн хиам, 52.4 мянган литр архи, дарс үйлдвэрлэжээ.

Тус аймаг нь сүүлийн жилүүдэд дотоодын жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, импортыг орлохуйц хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх болсон нь тус дэд салбарын үйлдвэрлэлийн бүтэц хэвийн түвшинд байх нөхцөлийг бүрдүүлж байгаа гэж Завхан аймгийн Статистикийн хэлтсээс нэмж мэдээлэв.

 

 

Холбоотой мэдээ