СЭЛЭНГЭ: Ш.Норовсамбуу: Юмны учир гэж сонин, түүх гэдэг үнэхээр агуу юм шүү

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-11-25 13:04:58

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Түшиг суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа “Анх тамир” ХХК-ийн захирал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Ш.Норовсамбуутай Ургацын баяраа тэмдэглэж байх үеэр нь уулзаж, цөөн хором хөөрөлдлөө.


-Энэ намрын ургац хураалт арвин уу?

-Энэ жил дэлгэр сайхан зун болсон. Маш сайхан урт намар боллоо. Миний мэдэхийн, Сэлэнгэ аймагт хөл тавьсан 40 гаруй жилийн хугацаанд ийм сайхан урт намрыг анх удаа л үзлээ.

Тариа будаа арвин, их сайхан жил байлаа. “Анх тамир” компанийн хувьд энэ жил 1300 га-д улаан буудай, 500 га-д тосны ургамал, тэжээлийн ургамал гээд тарьсан. Аль аль нь сайхан ургалаа. Улаанбуудайгаа “Алтан тариа” компанидаа тушаасан. Тосны ургамлаа Баруунхараагийн “Майнд Тэч” үндэсний үйлдвэрт тушаасан.


-Цаг агаарын нөхцөл байдал хэр нөлөөлөв. Га-ийн ургац ямар байв?

-Энэ жилийн хувьд ургац боломжийн. Гэхдээ өнгөрсөн жилээ гүйцээгүй. Зун 6-р сарын 20-ны үеэр 10 хоног маш их халсан. Энэ халалт нөлөөлж, ургацын байдал доошоо жаахан унасан. Гэвч манайх 16-18 цн ургац авлаа. Энэ жилийн тухайд болж байна.


-Таны компани ургац алдаж байсан жил нэг ч байдаггүй гэж олонтаа сонсож байсан. Хөдөлмөрийн баатар хүний ажлын туршлага, хандлага, арга барил арай л өөр юм болов уу, нууцаа хуваалцаач?

-Түшиг сумын хувьд Монголын Щвейцар гэж хэлнэ дээ. Уул, ус, ургамал, ногоо бүх юм нь жигдэрсэн, маш сайхан нутаг. Манайх энэ Түшиг суманд ирээд 23 жил болж байна. Энэ хугацаанд бид 1 га-гийн ургацаар аймагтаа 9 жил дараалан тэргүүлж байсан. Маш өгөөжтэй нутаг, энэ бол бидний хөдөлмөр биш. Энэ уул, ус, энд байгаа ажиллаж амьдарч байгаа нутгийн хүмүүсийн дэмжлэг шүү дээ. Атрын 60 жилийн ойгоор Түшиг сум “Алтан гадас” одонгоор шагнуулсан. Энэ их сайхан буянтай, өгөөжтэй, Түшиг хайрханыхаа нөмөрт арвин ургац аваад, аз жаргалтай сайхан амьдарч байна.


-Та ургац хурааж авсан 23 жилийн түүхэндээ хамгийн их ургац хураасан үеэ дурсаач?

-Миний хувьд тариа тариад 20 гаруй жил болоход өнгөрсөн 2021 онд нэгж га-гаас хамгийн өндөр ургацыг хурааж авсан. Энэ бол “Ганцын даваа”-ны орчмын 80 га-гаас 54 цн буюу 400 тонн будаа авсан. Хүмүүс итгэхгүй байх л даа. Өмнө бол манайх 20-30 цн ургац авч байсан. Гэхдээ 54 цн гэдэг чинь арай өөр тоо байдаг юм билээ. Байгаль цаг уур, нутаг усны хишиг буян, хүмүүсийн маань хөдөлмөр гээд бүхий л тохироо нь бүрдээд сайхан ургасан байхаа гэж боддог.


-Та өмнө тээврийн жолооч байсан. Дараа нь тариаланч болсон. Энэ хоёр ажлаа маш сайн гүйцэтгэж төрийн дээд хайр хишгийг бүгдийг нь хүртлээ. Эргээд харахад юу бодогдох юм?

-Хүн хамгийн гол нь сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй. Би тээврийн жолооч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Авирмэд гуай, Гавьяат механикжуулагч Ө.Чимэддорж, ХХАА-н сайд байсан Д.Насанжаргал гуай нарын будааг тээвэрлээд л явж байсан хүн шүү дээ. Сэлбэг нийлүүлээч гээд, энэ хүмүүсээс тусламж гуйгаад л явж байсан хүн. Гэтэл одоо өнөөдөр энэ хүмүүс эргээд надаас зөвлөгөө авч байна шүү дээ. Юмны учир гэж сонин, түүх гэдэг үнэхээр агуу юм шүү. Зөв л явах хэрэгтэй, сэтгэл сайтай байх хэрэгтэй.

-Танд эрүүл энхийг ерөөе.

 

Холбоотой мэдээ