ДАРХАН-УУЛ: Төрийн жинхэнэ албаны тангараг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-11-26 16:39:56

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улс анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан зарласны түүхт 98 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан төрийн  жинхэнэ албан хаагч болж буй ажилтнууд тангараг өргөх ёслол боллоо.

Тодруулбал, Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын 1, 4, 8 дугаар заалтыг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн тогтоолоор 24 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.




Монгол Улсын иргэн төрийн албанд анх орохдоо төрийн сүлдэндээ мэхийн ёсолж, Монгол Улсын далбаанаасаа адис авч “Эх орон ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлнэ” хэмээн тангараг өргөдөг.




Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн дарга О.Хүрэлчулуун нээж нийт төрийн албан хаагчдадаа хандан өргөсөн тангарагтаа үнэнч, авлига ашиг сонирхлоос ангид байж төрийн албандаа тогтвор суурьшилтай, хоёргүй сэтгэлээр ажиллахыг хүслээ.


Тангараг өргөх ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд төрийн албаны салбар зөвлөлийн гишүүд болон хэлтэс, агентлагийн удирдлагууд оролцлоо.

Холбоотой мэдээ