ОРХОН: Д.Мөнхбат: Хөгжлийн хамгийн чухал зүйл бол төлөвлөлт

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-11-29 17:18:22
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга Дашзэвэгийн Мөнхбаттай ярилцлаа.


-Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад намууд төлөөллөө өрсөлдүүлдэг. Ялсан нам нь орон нутагт төрийн эрх мэдэл, чиг үүрэг, сонгуульд орсон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн биелэлтийг танаас асуумаар байна. Гол нь уг хэрэгжилтийг хангахад ямар зарчим баримталж байна? Ямар өөрчлөлт гаргаж байна вэ?

-Найм дахь удаагийн бүрэн эрх хэрэгжиж эхэлснээр ИТХ нэн түрүүнд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульдаа нийцүүлэн  Орхон аймгийг ирэх таван жилд хөгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичиг, Засаг даргын 4 жилийн мөрийн хөтөлбөрийг баталсан. Тодруулбал, сонгуульд оролцсон намын мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй хөтөлбөр, Дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр, Алсын хараа 2050 гэсэн хөтөлбөрүүдтэй уялдуулж баталсан.

Энэ удаагийн бүрэн эрхэд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор хэд, хэдэн шинэчлэлт гарсан. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн уг хуулийн дагуу ИТХ нь Тэргүүлэгчидгүй ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, ИТХ-ын Зөвлөл ажиллаж байгаа. Мөн аймгийн Засаг дарга болон  сумын, багийн ажлын чиг үүргийг ялгаж зааглаж  өгсөн.


-Тэргүүлэгчидгүй болсноос гадна зарчмын том ялгаа харагдаж байна уу?

-ИТХ өмнө нь Тэргүүлэгчдийн хурлаараа тогтоол гаргадаг байсан. Дээрх хуулийн өөрчлөлтөөр Тэргүүлэгчидгүй болж Зөвлөл ажиллаж эхэлснээр хурлын хуралдааны тоо нэмэгдсэн. Зөвлөл тогтоол гаргахгүй Хурлын хуралдаанаар гаргах учир хуралдах тоо нэг дахин нэмэгдсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хурлын байнгын ажиллагаа нэмэгдсэн. Мөн Хурлын Зөвлөлийн гишүүд жил, жилээр ээлжлэх тул 4 жилийн хугацаанд төлөөлөгчдийн 80 хувь нь Зөвлөлд орж ажиллана. Уг Зөвлөл хуралдааны бэлтгэл ажлыг хангах гол зорилготой. Дараагийн ажиглагдсан зүйл гэвэл, олон сумтай аймгуудад хурлын хуралдааны тоо нэмэгдсэнээр дагаад зардал төсөв нэмэгдэх хандлагатай байна. Харин манай аймаг төвлөрсөн, хоёрхон сумтай учир харьцангуй гайгүй.

 

-Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй уялдаад нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага  байнгын  ажиллагаатай болох хандлага руугаа орчихож байгаа юм биш үү?

-Үгүй гэж харж байна. Монгол Улс хуулиа гаргахдаа нийтлэг зарчмаа барьдаг. Энэ зарчмын шаардлагад тэр болгон нийцээд байдаггүй хоёр аймаг бий. Дархан-Уул, Орхон аймаг. Энэ хоёр аймаг хэдэн арван сумгүй, өргөн уудам нутаггүй, тархуу биш нягтрал ихтэй төвлөрсөн газар. Тэгэхээр манай аймгийн асуудал Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд гэхээсээ Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулагдах ёстой юм болов уу гэж хардаг.


-Хот тосгодын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд зааснаар хотын зөвлөлтэй, тэр нь хотын даргаа сонгоно, хотын зөвлөл нийгэм, эдийн засгийн асуудлаа шийдэхийн тулд бонд гаргах, хөрөнгө төвлөрүүлэх өргөн эрх мэдэлтэй болохоор юм билээ.

-Одоо хэрэгжиж байгаа хуулиар Орхон аймаг том үйлдвэртэй, татварын орлого бүрдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулдаг хэрнээ буцаад баталж өгсөн төсвийн хүрээнд л асуудлаа шийдэхээс өөр аргагүй болдог. Хэрэв Дархан-Уул, Орхон аймгийн эрх зүйн байдлын тухай хууль гэж тусдаа байвал таны хэлж байгаа шиг хөрөнгө оруулалт, төсөв санхүү, эдийн засаг, бие даасан байдал хамаагүй сайжрах эрх зүйн орчин бүрэлдэнэ. Жишээ хэлэхэд, хөдөөгийн сумын төвд нийтийн тээврийн асуудал тийм ч тулгамдсан асуудал биш бол манайд нийтийн тээвэр, инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн асуудал чухал байдаг.


-Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь бүх шатандаа хууль дээдлэх ёс болохоор одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийнхаа хүрээнд буюу хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхээс өөр аргагүй. Тиймээс намынхаа мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлийг бүхэлд нь чирээд явчих нэг зүтгүүр, амин сүнс, зарчим их чухал санагдаж байна.

- Амин сүнс нь гэвэл маш сайн төлөвлөлт гэж хэлнэ. Хөгжлийн хамгийн чухал зүйл бол төлөвлөлт. Би эдийн засагч учраас төлөвлөлтийг чухалчилдаг. Бид дандаа гал унтраах, аргацаах, ард хормойгоороо урд хормойгоо нөхөх, хүний нүдэнд түр гоё харагдах, дараагийн сонгуулиа давхар бодолцох байдлаар төсөв баталж, зарцуулж байна. Байшин барих гоё. Гэхдээ үр ашиг багатай, нэгийг зараад хоёрыг олохгүй бол урсгал зардал нь татвар төлөгчдийн халааснаас л эргээд гардаг. Эрх зүйн тогтолцоо, хуулийн орчин нь ийм эдийн засгийн өгөөж муутай төсөв батлахад хүргэдэг, тиймээс алс хэтээ харсан, эрх ашгаа тэргүүнд тавьсан  зарчмын хувьд тэс өөр нийгэм-эдийн засгийн шинэчлэл, реформ хийхэд нэн төвөгтэй. Үнэн нь л энэ.


-Уг зөрчлийг угаар нь шийдэхийн тулд ухаанаа уралддуулах нь та бүхний үндсэн асуудал бас сэтгэлгээний түвшин гэж харж байна. 

-Ер нь бид төлөөлөгч дагасан төсөвтэй гэхэд хилсдэхгүй. Тойрогтоо л мөнгө батлуулах гээд байдаг. Гэр хорооллын нэг гудмыг жишиг гудамж болгоно гээд хүний хөрөнгийг, хүний хашааг хуулж аваад шинэ банз хадаад, будах гээд байдаг. Энэ хийх ёстой ажил мөн ч бид эрэмбэлэх ёстой. Хэдэн хувь нь ийм ажил байх ёстой юм, хэдэн хувь нь алсын хөгжилд чиглэсэн ажил байх ёстой юм гэдгээ эрэмбэлэх  ёстой.

Энэ жил  Төсвийн тухай хуулиар  шинэ хөрөнгө оруулалтыг хассан. Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсээс оруулж ирсэн төлөвлөлтөөс харахад зөвхөн өмнө эхэлсэн ажлаа дуусгахад 19 тэрбум төгрөг шаардлагатай байна. Үнийн зөрүү, хил, гаалийн нөхцөл байдал, тээвэр ложистикийн хүндрэлийг тооцоод гарсан дүн. Би аймгийн ИТХ-д 4 удаа төлөөлөгчөөр сонгогдсон, анх удаа л ийм шийдвэр гаргах гэж байна. Шинэ хөрөнгө оруулалт байхгүй, хуучин хөрөнгө оруулалтынхаа давагдашгүй хүчин зүйлийг нөхөх байдлаар шийдэх гэж байна. Үүнийг төлөвлөлт руу чихэж болохгүй. Төлөвлөлтийг тухайн үеийн норм, дүрмийн хүрээнд хийсэн. Цаг үе нь л ингэж таарлаа гэж хэлье дээ. 


-Мэдээж бүх юм учир шалтгаантай. Тэгэхдээ иргэд та нараас шалтгаан биш амлалтыг тань л нэхэх байх даа?

-Би үнэнийг л хэлэх хэрэгтэй гэж боддог. Нөхцөл байдал ийм л байна.


-Уг нь иргэд та нараас үнэнээ  хэлэхийг л  хүсдэг юм шүү дээ?

-Бид чадахгүй, боломжгүй зүйлээ иргэдэдээ хэлж сурах хэрэгтэй. Жишээ нь бид бүх иргэндээ 0.7 га газар өмчлүүлж чадахгүй. Шалтгаан нь маш энгийн. Ердөө л тийм хэмжээний том газар Орхон аймагт байхгүй. Хаанаас өгнө гээд иргэдийнхээ өргөдлийг 12-13 жилээр нь аваад хав дарж суух юм. Байхгүй гэдгээ л хэлэх хэрэгтэй. Хүн бүрийг ажлын байртай болгож лав л ойрын ирээдүйд чадахгүй. Бид сонгосон нийгмийнхээ мөн чанарыг ойлгох ёстой. Бид Ардчилсан нийгмийг сонгосон. МАН нийгмийн халамжийн бодлогыг зөвшөөрдөг, гэхдээ нийгмийн дундаж давхаргыг бий болгох социал демократ үзэл баримтлалтай. Хүн өөрийгөө тэжээх чадвартай бодгаль. Энэ чадварыг нь төр дэмжих, орчин нөхцөлөөр хангах ёстой болохоос булааж аваад байж болохгүй биз дээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад, хүүхдүүдийнхээ асуудлыг төр гарцаагүй даадаг нь хүний ёс, орчлон хорвоогийн жам. Өөрөөр хэлбэл, бид хавтгайрсан халамжийн бодлогоо нийгэм-эдийн засаг, төсөв санхүү, хүмүүнлэг ёс, ёс суртахуун, ёс зүй, шударга ёс гээд аль ч өнцгөөс нь бодоод үзсэн эргэн харахаас өөр аргагүй юм. Бие дааж амьдарч сурах хэрэгтэй төдийгүй зайлшгүй шаардлагатай байна. Энэ үзлийг иргэдэдээ, ялангуяа улс төрийн намын гишүүддээ зөв хэлж ойлгуулбал зохино. Бид үнийн бодлого бариад, халамж тараагаад хаана ч  байхгүй нийгмийг бүтээх гэж зовоод байна.


-Гэхдээ өнгөрсөн хугацаанд улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалт нийгмийн талдаа түлхүү, тэр дундаа боловсрол, эрүүл мэнд, бүр “Багш”, “Эмч” гэх мэтийн нэр заасан хөтөлбөрт нэлээд чиглэлээ. Үр дүнг нь иргэд хэлэх ч таны санааг бас сонсмоор байна.

-Эрүүл мэндийн салбарт хийсэн хөрөнгө оруулалтыг 100 хувь байсан гэж хэлэхгүй ч тодорхой хувиар дээшилсэн гэж бодож байна. Статистик мэдээллээс монгол хүний дундаж наслалт 30 жилийн өмнөхөөс 10 насаар нэмэгдсэн. Энэ бол том үзүүлэлт.

-

Үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөр гэхээр хийх ажил, заримдаа “мөрөөдөл”-ийн жагсаалт хөврөөд байна. 2022- 2023 оны төсөв юугаараа ялгаатай юм? Ямар зарчим барив?

-Төсвийн тухай хууль сая батлагдсан. Шинэ хөрөнгө оруулалтын санхүүжилт батлагдаагүйг дээр хэлсэн. Миний хувьд Эрдэнэт хотод шахмал түлшний үйлдвэр барих төсөв зайлшгүй батлагдаасай гэж хүсэж байна. Эрдэнэтэд гэр хорооллын  17324  өрх байдаг. Эдгээр иргэдээ ойрын хэдэн жил бүгдийг нь орон сууцанд оруулж амжихгүй. Үүнийг хийх төсөв  хөрөнгө ч байхгүй. Тиймээс 17 мянган янданг багасгах хэрэгтэй. Энэ янданг дагаад эрүүл мэнд, хотын асуудал хөндөгдөнө. Бас  дугуйн замтай болох хэрэгтэй. Авто машинынхаа замыг хичнээн уртасгаад  ч асуудал шийдэгдэхгүй.

Мөн инженерийн шугам сүлжээний хөрөнгө оруулалт ойрын хугацаанд маш чухал. Хотын 50 хувь,тэгэхээр түүний хөгжлийн тал нь газар доор байдаг. Үүнийг цөөхөн хүн ярьдаг. Энэ инженерийн шугам сүлжээний асуудлыг “Эрдэнэт Ус” ДТС компани хариуцдаг. Тэдний хөрөнгө оруулалт өмнөх  жилээс  5-10 дахин нэмэгдсэн. ИШС-г аймаг өөрөө бие дааж хийх төсөв хомс.  Тиймээс олон улсын болон донор байгууллагатай хамтарч зээлээр биш буцалтгүй тусламжаар шийдэх бодлого барьж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өнгөрсөн онд 50 орчим тэрбум төгрөг гаргаж зарим шугмыг шинэчилсэн. Ер нь инженерийн шугам сүлжээний шинэчлэлтийг бидний хамгийн зөв, зоримог шийдвэр гэж хэлж болно. Яагаад гэвэл ирээдүйд чиглэсэн учраас тэр.


-Энэ газар дорхи хот чинь “гацчих” гээд байгаа нь замбараагүй газар олголт, дээр нь барьсан байшин ус, дулаанаа технологийн горимын дагуу авах боломж байдаггүйтэй холбоотой. Хэл амтай газар олголтын асуудлаа хэр цэгцэлж байна вэ?

-Газар олголтын асуудал 2020 оноос өөрчлөгдсөн. Одоо зөвхөн дуудлага худалдаагаар, цахимаар авна. Дээрх хуулийн өөрчлөлтийн дагуу орон сууцны хороолол дотор барилгын газар бид өнгөрсөн хоёр жилд огт олгоогүй. Үүнтэй уялдуулаад бид инженерийн шугам сүлжээний бодлогын бичиг баримт гаргах гэж байна. Газар доорх шугам сүлжээний гидравликийн тооцоо гаргасан. Үүнийг Эрчим хүчний инженерийн сургуулийн багш нарын баг хийсэн. Эрдэнэт ДЦС-ын одоогийн хүчин чадал, нэвтрүүлэх шугамаар нь хэдэн орон сууцны хороолол барих, хэдийг халаах, цаад талын урт нь хэдэн км байх юм,  наана нь ямар насос тавих юм гэдгээ тооцоо судалгаатайгаар гаргасан. Үүнийг үндэслэн бодлогын бичиг баримт гарна. Энэ бол гал унтраах ажил биш гал залгуулах ажил юм.

Нэмээд хэлэхэд,  энэ онд аймгийн ИТХ-аар “Цахим” Эрдэнэт, “Ногоон” Эрдэнэт, “Төрийн албан хаагчдын хөгжил”, “Орлогод нийцсэн орон сууц” зэрэг хэд, хэдэн хөтөлбөр баталсан. Энэ дунд хамгийн гол зорилт бол хүнсний үйлдвэртэй болох. Улаанбаатар, Дарханд үйлдвэрлэсэн хүнс 8 цагийн дараа Эрдэнэтэд ирж байна. Бид хүнснийхээ асуудлыг шийдэх ёстой. Иймд энэ салбарын бодлогын баримт бичгийг удахгүй батална. 100 мянган хүнийг хүнсээр хангахын тулд үйлдвэртэй болох ёстой.  

 

-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ