АРХАНГАЙ: Есдүгээр сард бараа, үйлчилгээний үнэ тариф өмнөх сараас 100.1 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-11-29 20:19:38

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд энэ оны 9 дүгээр сард бараа үйлчилгээний үнэ тариф өмнөх 8 дугаар сартай харьцуулахад 100.1 хувь, өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд 110.9 хувиар, өнгөрсөн оны 12 дугаар сартай зэрэгцүүлэхэд 108.2 хувиар тус тус өссөнийг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.


Өөрөөр хэлбэл, хэрэглээний сагсанд авсан 314 нэрийн бараа үйлчилгээний үнэ тарифыг өнгөрсөн оны 12 дугаар сартай зэрэгцүүлэхэд 180 (57.3%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өссөн, 20 (6.4%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурсан бол 123 (36.3%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байжээ.


Тухайлбал, хэрэглээний сагсанд авсан ааруул, байхуу цай, зөөлөн чихэр, өөхөн тос, ёотон, бензин А-80, бензин А-92, дизель түлш, хот хоорондын тээврийн хөлс, хот доторх таксины хөлс, гэрийн гадуур бүрээс, парацетамол, даралтын эм, хурууны наалт, цамц, оймс, хуруу зай, хавар, намрын хүрэм, даавуу, даавуун цамц, нийтийн халуун усны хөлс, хүүхдийн өмд, зочид буудлын төлбөр, ухаалаг утасны цэнэглэгч зэрэг барааны үнэ 0.3 хувиас 2 дахин ихээр нэмэгдсэн байна. 


Харин өмнөх оны мөн үе буюу 9 дүгээр сартай зэрэгцүүлэхэд 14 (4.5%) нэрийн бараа үйлчилгээний үнэ буурч, 198 (63.0%) нэрийн бараа үйлчилгээний үнэ тариф өссөн бол 102 (32.5%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байгаа аж.



Холбоотой мэдээ