Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих олон улсын “SheTrades” төвийн салбарыг Монголд нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-11-30 13:56:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголд болох “Дэлхийн экспортын хөгжлийн форум”-ын үеэр “SheTrades” төвийн Монгол Улс дахь эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих төвийн салбарыг нээнэ.


Тодруулбал, Олон улсын худалдааны төв (ITC) 2023 онд Монгол Улсад “Дэлхийн экспортын хөгжлийн форум” зохион байгуулна. Энэ үеэр “SheTrades” төвийн Монгол Улс дахь салбарын нээлтийг хийхээр төлөвлөжээ.


Олон улсын худалдааны төв (ITC)-ийн эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих олон улсын “SheTrades” төвийн салбарыг МҮХАҮТ-ыг түшиглэн байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлжээ.


Энэ талаар МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, төсөл хөтөлбөрийн газрын дарга С.Оюунзул, Бизнесийн академийн захирал Д.Асралт нар Олон улсын худалдааны төвийн төлөөлөгчидтэй цахимаар уулзав.



Уулзалтад, Олон улсын худалдааны төвийн Ази, номхон далайн газрын худалдаан ахлах мэргэжилтэн Силви Кочин, “SheTrades” төслийн зохицуулагч Мишэл Кристи нар оролцож, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих “SheTrades” төвийн талаар танилцуулж, Монгол Улс дахь салбарыг байгуулах хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв.


Тус төвөөр дамжуулан эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, чадавхжуулах, гадаад худалдаа, экспортын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон улсын жишигт нийцсэн сургалт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.

Холбоотой мэдээ