Аксель Никэйз: Эрх тэгш байдлыг хангах чиглэлээр олон зүйл хийх шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-30 15:42:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын нийгэмд цахим орчны хэрэглээ, нөлөөлөл их учир хэнийг ч гутаан доромжлох арга хэрэгсэл болоод байгаа. Иймд хүний эрх тэгш байдлаг хангах чиглэлээр олон зүйл хийх шаардлагатай”-г Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз тэмдэглэлээ.


Тэрбээр Хүний эрхийн Олон улсын өдрийг угтан Монгол Улсын ХЭҮК, Нээлттэй Нийгэм форум ТББ хамтран зохион байгуулсан “Хүний эрхийн тухай ярилцъя” хүндэтгэлийн лекцийн үеэр “Монгол Улс дахь Хүний эрх-Эдийн засаг, нийгэм, соёлын эрхэд анхаарал хандуулах нь” илтгэл тавих үеэрээ Европын холбоо Монгол Улстай хүний эрхийн талаар хэрхэн хамтарч ажиллаж байгааг ярьсан юм.


Монгол Улсын Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөг тодорхой тусгаснаас гадна олон улсын 30 гаруй хууль зүйн баримт бичгийг баталж, 20 конвенцид нэгдэн оржээ. Энэ нь Монгол Улс хүний эрхийн байр суурийг тууштай баримталдагийн баталгаа гэдгийг Элчин сайд Аксель Никэйз онцлоод, харамсалтай нь тэдгээрийн хэрэгжилт хангалтгүйг хэлж байлаа.



Манай улсын урилгаар НҮБ-ын тусгай элч нар ирж эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хэрэгжилтийн талаар дүгнэлт гаргасан. Тус дүгнэлтэд ХЭҮК-д орон тоо техник, санхүүгийн хангалттай нөөц хуваарилах ёстой, байгаль орчны үнэлгээ, уул уурхай болон бусад төсөлд хүний эрхийг төдийлөн хангаж чадахгүй байна гэжээ.


Европын холбоо Монгол Улсын хоорондын худалдаа эрхлэлт хангалтгүй шалтгаан нь худалдааны хэлэлцээр хийхэд маш их яриа хэлэлцээ шаардлагатайгаас гадна худалдаа зөвхөн нэг урсгалтай болчихдог байна. Монгол Улсын экспортын үнэ цэнтэй бараа бүтээгдэхүүн нь сүлжмэл, нэхмэл, ноолууран эдлэл. “Дэлхий дахинд экспортын бүтээгдэхүүнд ямар нэгэн утга агуулах ёстой гэсэн чиглэл баримталж байна. Энэ нь тухайн бараа бүтээгдэхүүнийг зүй зохистой хөдөлмөрийн нөхцөлд үйлдвэрлэсэн байх, зөв зохистой цалин урамшуулал зэргийг хэлж байгаа юм. Тодруулбал, Монголын ноолуурын үйлдвэрийг дэмжье гэвэл тухайн орны бэлчээрийн даац, байгаль орчинд нөлөөлөх байдал, хөдөлмөрийн гэрээ, малчдын эрхийг хамгаалсан эсэх зэргийг авч үзнэ гэсэн үг” хэмээн Аксель Никэйз тайлбарлалаа. Түүнчлэн, бүх төрлийн ялгаварлан гадуурхалтын эсрэг цогц хууль батлах шаардлагатай. Учир нь хүйсийн чиг хандлага ондоо хүний эрхийг зөрчих, бэлгийн чиг хандлагаас үүдэн ажил эрхлэхийг нь зөрчих явдал байсаар байна. Мөн тэдэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн мэдлэгийг дээшлүүлэх шаардлагатайг  ч тэмдэглэж байв.



Хүндэтгэлийн лекцийн үеэр ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, хүний эрхийн мэдлэг, ойлголтыг түгээх, хүний эрхийн боловсрол олгохоор хүний эрхийн анхаарал татсан асуудлаар цуврал илтгэл, хэлэлцүүлгийг 2012 оноос хойш 47 удаа зохион байгуулсан нь иргэдийн хүний эрхийн тухай ойлголтыг дээшлүүлэхэд ач холбогдолтой байсныг дурдаад, ХЭҮК хүний эрхийн боловсролын хүрээнд хийж, хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын хэрэгжилтэд ахиц дэвшил гаргахад бусад байгууллагатай хамтран зорилго, сэтгэл, үйл ажиллагаагаа нэгтгэн ажиллахад бэлэн хэмээсэн юм.


“Хүний эрхийн тухай ярилцъя” лекцэд төр, хувийн хэвшил, их дээд сургуулийн эрдэмтэн, судлаач, хуульч, залуусын 200 гаруй төлөөлөл оролцлоо.

 

Холбоотой мэдээ