БАЯН-ӨЛГИЙ: Өвлөн уламжлагчдад Соёлын яамны шагнал гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-12-01 11:17:19

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан соёлын биет бус өвийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй өвлөн уламжлагчдад Соёлын яамны шагналыг гардуулж өглөө.


Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, өвлөн уламжлагчдыг тодруулах, алдаршуулах зорилгоор 3 жил тутам улсын хэмжээнд зохион байгуулдаг “Нүүдэлчин Монгол-2022” их наадам өнгөрсөн наймдугаар сард Улаанбаатар хотод болсон. Үүнд Баян-Өлгий аймгаас соёлын биет бус өвийн 7 ай савд хамаарах 40 гаруй өвлөн уламжлагч оролцсон.

 

Дээрх үйл ажиллагаанд аймгаа төлөөлөн амжилттай оролцсон болон соёлын биет бус өвийг тээж яваа өвлөн уламжлагчдыг салбарын яамны шагналаар шагнасан байна.


Үүнд:

1. “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр: Ханжарбайн Хумарбек, Нүрзэдийн Сумьяа, Мауитын Гүлсайра, Адилханы Инкарбек;


2. “Ардын авьяастан” цол тэмдгээр: Зааны Нарангарав, Хуатбек Кагбатдолда;


3. Соёлын яамны “Жуух бичиг”-ээр: Баярын Жавзан, Муратын Айсулу, Кадирбекийн Ержанат нар тус тус шагнуулжээ.

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан өвлөн уламжлагчдад баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ. 


Ташрамд дурдахад, 2020 оны бүртгэлээр Баян-Өлгий аймагт эх хэл, аман уламжлалын өв тээгч 77, ардын язгуур урлагийн 251, үндэсний уламжлалт зан үйл, ёслол, баяр наадмын 70, байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, зайн үйлийн 16, уламжлалт арга ухааны 74, мал маллах арга ухааны 8, уламжлалт гар урлалын 145, нийтдээ соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 641 хүн байна. 

Холбоотой мэдээ