Хятадын сансрын станцад хүргэсэн ургамал ургаж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2022-12-06 15:37:38

БЭЭЖИН. /Xinhua/. Өнгөрсөн долоо хоногт сансрын жолоодлогот “Shenzhou 15” хөлгөөр Хятадын тойрог замын станц руу илгээсэн “Arabidopsis thaliana” нэртэй цэцэгт ургамал ургаж эхэлжээ. 


“Shenzhou 15” хөлгийг 11 дүгээр сарын 29-нд Бээжингийн цагаар 23 цаг 08 минутад хөөргөсөн юм. 20 орчим цагийн дараа Хятадын сансрын нисэгчид уг ургамлыг сансрын станцынхаа "Вэньтянь" лабораторийн модулийн биологийн инкубаторт байрлуулсан байна.


"Бид сансрын бичил таталцлын орчин ургамлын эсийн бүтэц, үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдгийг судлахын тулд энэ ургамлыг бичил таталцлын нөхцөлд ургуулахыг зорьж байгаа" гэж Хятадын Шинжлэх ухааны академийн Ургамлын молекулын шинжлэх ухааны төвийн судлаач Цай Вэймин ярьжээ.


Судлаачид дэлхий дээр энэ туршилтдаа зургаан жилийн турш бэлтгэсэн бөгөөд тойрог замд хийсэн туршилт нь ургамлын хэлбэрийг сайжруулж, ургацыг нэмэгдүүлэхэд тусална гэж найдаж байна.


Ургамлын дээжийг эх дэлхийд буцааж авчирсны дараа судлаачид сансрын бичил таталцлын ургамалд үзүүлсэн нөлөөг дэс дараатайгаар судлах аж.

Холбоотой мэдээ