С.Бямбацогт: Монгол Улс АНУ-ын хооронд 2024 оноос шууд нислэг үйлдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-12-07 12:49:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зам тээврийн салбартай холбоотой хоёр шийдвэрийг гаргав.


Уг шийдвэрийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ийн мэдээлэв. Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар АНУ-ын Засгийн газартай агаарын тээврийн хэлэлцээр байгуулах асуудлыг хэлэлцээд дэмжлээ. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улс АНУ-ын хооронд шууд нислэг үйлддэг болно. Энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурснаар нэг жилийн хугацааны бэлтгэл ажил хангагдаж байж, 2024 оны эхнээс АНУ-ын дурын хот руу шууд нислэг үйлддэг болох юм. 2019 оны байдлаар хоёр улсын хооронд 60 мянга орчим зорчигч зорчиж байсан ба нийтдээ 40 сая орчим ам.долларын зардал гаргаж, Бээжин, Сөүл хотоор дамжин зорчдог байсан. АНУ бол Бээжин, Сөүл хотын дараа орох голлох чиглэл бөгөөд нислэг үйлдэх том оврын онгоцны тоог авиа компаниуд нэмэгдүүлсэн. Нөгөөтэйгүүр Монгол Улсад зорчин ирэх гадны иргэдийг хүлээж авахад анхаарч ажиллаж байна.   


Өнгөрсөн хугацаанд манай улс төмөр замын бүтээн байгуулалтын тоог нэмэгдүүллээ. Сүүлийн үед тавьсан төмөр замуудыг БНХАУ-ын төмөр замтай холбох холболтын ажлыг хийх асуудлыг уг хуралдаанаар хэлэлцсэн. Тус холболтын ажлыг хийснээр хилээр тээвэрлэх уул уурхайн бүтээгдэхүүний хувь хэмжээ нэмэгдэнэ" гэлээ.

Холбоотой мэдээ