О.Номинчимэг: Сард 184 мянган төгрөгөөс доош хэрэглээний зардал гаргаж буй иргэн үнэгүй өмгөөлөл авах эрхтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-12-20 12:08:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Долоо хоног бүрийн мягмар гарагт УИХ-аас зохион байгуулдаг “Хуулийн мэдээллийн цаг”-т УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх О.Номинчимэг оролцож, энэ оны 10 дугаар сараас хэрэгжиж буй Хууль зүйн туслалцааны тухай хуулийн талаар танилцуулга хийх үеэрээ “Энэхүү хууль нь хууль зүйн туслалцааны хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн” хэмээлээ. 


Тус хуулиар нэгдүгээрт, хууль зүйн туслалцааны төрлийг өргөжүүлсэн байна. Өмнө нь өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг байсан бол үүн дээр хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх боловсруулах, хууль, эрх зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгааг үнэ төлбөргүй үзүүлэх гэсэн хоёр төрлийн үйлчилгээг нэмж оруулсан аж.

Хоёрдугаарт, үнэ төлбөргүйгээр хуулийн туслалцаа авах хүрээг өргөжүүлсэн байна. Өмнө нь зөвхөн эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан төлбөрийн чадваргүй этгээдэд хуулийн туслалцааг авдаг байсан бол одоо,

                           -төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан

                           -хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэгч, 

                           -үл хөдлөх эд хөрөнгө, газар өмчлөх эрх нь зөрчигдсөн захиргааны хэргийн оролцогч, 

                   -хүн худалдаалах гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч төлбөрийн чадваргүй бол хуулийн зүйн туслалцааг үнэ төлбөргүй авах юм. Түүнчлэн эрсдэлт нөхцөлд буй хүүхэд, ахмад настан, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, гадаадын иргэн, бүртгэлгүй иргэн хууль зүйн туслалцаа г тодорхой хүрээнд үнэ төлбөр төлөлгүй авч болох юм. 

Гуравдугаарт, улсын ба хувийн өмгөөлөгчдийн хүртээмж, нийгмийн баталгааг хангасан байна. Үүнд, аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа улсын өмгөөлөгчид таван жил тутамд 12 сарын, аймгийн төв, алслагдсан дүүрэгт тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа улсын өмгөөлөгчид таван жил тутамд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохоор, улсын өмгөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа хуульчийн үргэлжилсэн сургалтад үнэ төлбөргүй хамрагдахаар, улсын өмгөөлөгчөөр гурван жил тасралтгүй ажилласан албан хаагчийг цэргийн албыг дүйцүүлэн хаасанд тооцохоор шийдвэрлэсэн аж. Одоогийн байдлаар өмгөөлөгчдийн хүртээмж өмнөхөөсөө нэмэгдсэн ба улсын өмгөөлөгчийн нэг хүнд ноогдох тоо 66358, хувийн өмгөөлөгчийн нэг хүнд ноогдох тоо 1622-д хүрсэн нь боломжийн үзүүлэлтэд тооцогдож байгаа болохыг зөвлөх О.Номинчимэг хэллээ.


Дээрх үйлчилгээг авахдаа тухайн иргэн төлбөрийн чадваргүй гэдгээ нотлох шаардлагатай. Ингэхдээ Өрхийн мэдээллийн сан дахь ядуурлын шугамаас доогуур орлоготой буюу 2020 оны байдлаар сарын хэрэглээний зардал нь 184 мянган төгрөгөөс доош зарлагатай иргэн дээрх үйлчилгээг авна. Уг мэдээллийн нэгдсэн санд бүртгэлгүй бол тухайн иргэний гаргасан өргөдөл, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, бусад нотлох баримтыг үндэслэх аж. 

Холбоотой мэдээ