Сэтгүүлч, дипломатч Ц.Ганболд "Соёлын гавьяат зүтгэлтэн" цол хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2023-01-04 15:33:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан баярын өдрөөр Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны зөвлөх, сэтгүүлч Цогсүрэнгийн Ганболдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Соёлын гавьяат зүтгэлтэн" цол хүртээжээ.


Ц.Ганболд Ленинградын Улсын Их Сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. МОНЦАМЭ агентлагийн “Ил товчоо” сонины Хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Мөн тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгчөөр 2 удаа, Засгийн газрын төв хэвлэл "Засгийн газрын мэдээ" сонины ерөнхий эрхлэгч, МҮОНТ -ийн "Монголын мэдээ" агентлагийн захирал, Телевизийн "Форум" ток шоу нэвтрүүлгийн ерөнхий редактораар ажиллаж байв.

Тэрбээр М.Энхсайханы тэргүүлсэн Засгийн газрын тухай "Хөшүүн царцанги нийгэмд "дайн" зарласан шинэчлэгчид", өөрийн тухай "Цогсүрэнгийн Ганболд: Миний их улс төр" нэртэй ном туурвиж, телевизийн бүрэн хэмжээний "Догшин хар сүлдний нууц" баримтат киноны ерөнхий продюссерээр ажиллажээ.

1992 онд тухайн үеийн төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд сурвалжлагчаар ажиллаж байхдаа Ц.Ганболд улс төр, эдийн засаг, нийгмийн өөрчлөлтийн сэдэвтэй нийтлэлүүд бичиж, ярилцлага хийсэн төдийгүй Хөдөлмөрийн баатар Б.Чимидийн тухай “Монгол төрийн түшээ” хөрөг нийтлэл туурвисан нь монголын сэтгүүл зүйн архивт улс төрийн хөрөг нийтлэлийн жишиг болон тэмдэглэгдэн үлджээ.

Мөн 2009 оны 12 дугаар сард Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг Монголд өргөн дэлгэр тэмдэглэх үед түүний сүүлийн жилүүдийн томоохон бүтээл болох ”Ардчиллын цуврал” телевизийн баримтат найман кино “Баабарын тухай “Оюун санааны хөтөч”, Э.Бат-Үүлийн тухай “Е паспорттай Монгол”, Да.Ганболдын тухай “Хувьчлалын зам мөрийг гаргагч”, Д.Бямбасүрэнгийн тухай “Үүрд хадгалсугай...”, Ц.Элбэгдоржийн тухай “Малыг малчдад”, Лу.Болдын тухай “Оюутны шуурга”, Б.Даш-Ёндонгийн тухай “Алсын хараа”, Д.Дорлигжавын тухай “Босоо бичиг, босоо заяа” нэртэй эдгээр цуврал нь 1990 оны цагаан морин жилийн хувьсгалаар Монголд хийгдсэн ардчилсан өөрчлөлтийн нэг томоохон үзэгдлийг нэг хувь улс төрчид хамаатуулах байдлаар үзүүлсэн нь монголын сэтгүүл зүйд байгаагүй төрөл, жанр гэж телевизийн сэтгүүл зүй судлаачид үнэлдэг байна.

Мөн тэрбээр 2020 оны 7 дугаар сараас Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яаманд зөвлөхөөр томилогдон Монгол, Оросын улс төрийн болон худалдаа, эдийн засгийн харилцаа, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харилцах асуудлуудыг хариуцан санаачилгатай, үр бүтээлтэй ажиллаж байна. Тэрбээр өнгөрсөн онд ёслон тэмдэглэсэн Монгол, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх болон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ОХУ-д 2021 оны зун хийсэн айлчлал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д мөн оны 12 дугаар сард хийсэн төрийн айлчлалыг зохион байгуулахад тодорхой үүрэгтэй оролцсон юм.

 

Холбоотой мэдээ