АН-ын Үндэсний бодлогын хороо ирэх баасан гарагт хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-01-09 11:57:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болж, хуралдааны дараагаар хэвлэлийнхэнд хэлэлцсэн асуудлаараа мэдээлэл хийлээ.


Тус бүлгийн дарга О.Цогтгэрэл “Энэ долоо хоног өнгөрөөд чуулган хаалтаа хийх гэж байна. Энэ удаагийн чуулганы шийдвэрүүдийн өнгөнөөс улс орны сүүлийн дөрвөн жилийн төрийн бодлого шийдвэр харагдах ёстой. Иймд намрын чуулганы хуралдаанаар хэлэлцэж буй хууль тогтоолын төслүүд дээр тогтож ярилаа. 


Экспортыг дэмжих, тэр тусмаа уул уурхайн бус экспортыг дэмжихэд чиглэсэн бодлогын шийдвэр өнөөдөр ямар нэгэн байдлаар гарсангүй. Гадаадын хөрөнгө оруулалт, тэр дундаа гаднын шууд хөрөнгө оруулалтыг татах гарц шийдэл гаргасангүй. Жижиг дунд бизнесийг дэмжих, худалдааг хөнгөвчлөх зэрэг олон хууль орж ирсэнгүй. Нийгмийн даатгалын багц хууль, тэтгэврийн шинэчлэл зэрэг асуудлыг УИХ-аар хэлэлцсэнгүй. Эдгээр асуудлыг үлдэж буй хугацаанд шийдвэрлэнэ гэхэд амаргүй болчихлоо. Энэ бүгдийн буруутан нь Үндсэн хууль юм шиг нөхцөл байдал руу оруулснаар чуулган хаалтаа хийх гэж байна. Энэ удаагийн чуулганы хуралдааны үр дүнд АН-ын бүлэг сэтгэл дундуур байна. Дэлхийн болон Монголын эдийн засаг хүндхэн байгаа энэ үед гол хуулиуд болон бодлогын шийдвэрүүдийг боловсруулж чадсангүй гэж бид үзэж байна" гэв.


Мөн үеэр УИХ-ын гишүүн, АН-ын их эвлэрлийн ажлын хэсгийн ахлагч Ж.Батсуурь ирэх баасан гарагт АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдах шийдвэр гаргасан болохыг мэдээллээ.


Холбоотой мэдээ