Туркийн Ерөнхийлөгч Брюссельд айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-05 12:57:46

АНКАРА/БРЮССЕЛЬ. /TASS/. Сирийн дүрвэгсэдтэй холбоотой цагаачлалын бодлого, Сирийн байдал, тухайлбал, террорист “Лалын улс” бүлэглэлийн эсрэг ОХУ-ын ажиллагаа эхэлснээс хойших байдлыг Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган Белгид айлчлах үеэрээ хэлэлцэнэ. Түүнчлэн Турк улсыг Европт нэгтгэх үйл явцыг түргэтгэх асуудлыг хөндөх төлөвтэй байна.

Сая сая дүрвэгч ба доллар

Сирид мөргөлдөөн гарснаас хойш 2 сая гаруй иргэнийг нь хүлээж авсан Анкарагийн хувьд дүрвэгсдийн асуудал улс оронд нь тулгамдсан асуудлуудын нэг болсон бөгөөд дотоод улс төрийн байдалд нь мэдэгдэхүйц нөлөөлж байгаа юм.

Туркийн эрх баригчид цагаачдын амьдрах нөхцөлийг хангахад төсвөөсөө 7 тэрбум гаруй доллар зарцуулжээ. Ингэхдээ олон улсын байгууллагуудаас ердөө 400 орчим сая долларын тусламж авсны тал орчим хувийг нь Европын Холбооноос /ЕХ/ олгосон байна. Туркийн төрийн тэргүүн Европын Зөвлөлийн дарга Дональд Туск болон Европын Комиссын тэргүүн Жан-Клод Юнкертэй уулзахдаа энэ тэнцвэргүй байдлыг дахин хөндөхөөр төлөвлөж  байгаа аж. Дүрвэгсдийн байдлыг сайжруулж, Европт ирэх урсгалыг нь бууруулах зорилгоор Туркт 1 тэрбум еврогийн санхүүгийн тусламж олгох шийдвэрийг Европын комисс есдүгээр сарын сүүлээр гаргасан боловч энэ мөнгийг хэдийд шилжүүлэх нь одоогоор тодорхойгүй байна.

Дүрвэгсдийн аюулгүй байдлыг хангах нислэггүй бүс

Анкара зөвхөн санхүүгийн тусламж төдийгүй Сириэс ирэх дүрвэгсдийн шинэ давлагаанаас урьдчилсан сэргийлэх урт хугацааны үр ашигтай арга хэмжээ авах талаар урьдын адил тохиролцоонд хүрэх сонирхолтой байна. “Сирийн дүрвэгсдийг улс орных нь хилийн дотор хил орчмын бүсүүдэд байлгах нь илүү үр дүнтэй байх бөгөөд ийм бүсүүдэд Сирийн дүрвэгсэд аюулгүй байна” гэдгийг Туркийн эрх баригчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ойн чуулганы үеэр цохон тэмдэглээд дүрвэгсэдтэй холбоотой ажлын талаарх өөрсдийн стратегийг санал болгожээ. Эдгээр бүс нь Сирийн хойд нутагт Турктай залгаа хил орчимд байх ёстой бөгөөд террористууд эсвэл Башар Асадын дэглэмийн хүчнийхэн нэвтрэхээс хамгаалж, Барууны эвслийн хүчин тэнд нислэггүй бүс байгуулах шаардлагатай. Дашрамд, энд Анкара зарим талаар хэтрүүлж байгаа юм. Нислэггүй бүс нисэх хүчин байхгүй “Лалын улс”-аас дүрвэгсдийг аварч чадахгүй. Ийм учраас дүрвэгсдэд гаргаж өгсөн бүс нутгуудад Ливийн хувилбараар үйл ажиллагаа явуулахад хүргэх, өөрөөр хэлбэл, энэ чиглэлд хөдөлж буй “Лалын улс”-ын отрядуудыг агаараас устгана гэсэн үг юм.

Турк улсыг ЕХ-нд нэгтгэх үйл явц

Эрдагон айлчлалынхаа үеэр Туркийг Европын Холбоонд /ЕХ/ гишүүнээр элсүүлэх тухай болон энэ асуудлаарх хэлэлцээний үйл явцын талаар хэлэлцэх төлөвтэй байна. Турк бол ЕХ-нд элсэх гэж байгаа албан ёсны нэр дэвшигч бөгөөд энэ талаарх хэлэлцээг бүр 2005 онд эхлүүлсэн боловч сүүлийн 10 жилд тус холбоонд элсэхэд ойртож очиж бараг чадаагүй гэж хэлж болно. Харин одоо Эрдагонд цагаачлалын асуудлаар Европ Туркээс ихээхэн хамааралтай байгааг ашиглан Брюссельтэй яриа хэлцээ хийх боломж гарч ирсэн. Гэхдээ Анкара өөрөө сүүлийн жилүүдэд ЕХ-нд нэгдэх санаачилгыг мэдэгдэхүйц удаашруулжээ. Харин одоо ЕХ-ны зүгээс тодорхой алхмуудыг хийлгэхээр төлөвлөж байна. Үүнд эн түрүүнд Туркийн эрх баригчид ЕХ-той визээ бүрэн цуцлах сонирхолтой байна. Үүний хариуд тус улс Сирийн дүрвэгсэдтэй холбоотой гэрээний хэрэгжилтийг идэвхжүүлэхээ, мөн Туркийн нутаг дэвсгэрээр дамжин ЕХ-г чиглэж буй цагаачдад тавих хяналтыг чангатгахаа амлаж магадгүй. Энэ нь ЕХ-ны орнуудад зөвхөн он гарсаар хагас гаруй цагаач ирсэн одоогийн нөхцөл байдалд хангалттай хүчтэй шалтаг юм.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд