АРХАНГАЙ: П.Мөнхнасан хашаандаа 950 гаруй мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-01-13 13:27:32

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Өгийнуур сумын иргэн П.Мөнхнасан хашаагаа ойжуулжээ. Тэрбээр 2012 онд тус суманд Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ажиллахаар ирэхдээ элс ихтэй, цөлжилт үүссэн сумыг ногоон байгууламжтай болгохсон гэх мөрөөдлөөр хашаандаа анх улиас, чацарганы тарьцыг суулгаж байжээ.


Харин одоо П.Мөнхнасангийнх 50х70 метр хэмжээтэй хашаан дотроо 21 төрлийн 950 гаруй мод бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй болоод байна. 2022 онд тэрбээр 280 модыг нэмж хашаандаа тарьжээ. Өөрийн гараар тарьсан моддоо арчлах дуртай ба малын өтөг бууцаар бордож, эко аргаар ургуулсаар 100 хувийн амьдралттай болгосон байна.


Түүний хашаанд моддоос гадна өнгө алагласан цэцэгсийн мандал, жимсний мод, хүнсний ногооны талбай харагдана.


Арван жилийн хугацаанд П.Мөнхнасан гэр бүлийнхээ хамт мөрөөдлөө биелүүлсэн төдийгүй, мод тарих, арчлах талаар иргэдэд зөвлөгөө өгдөг болжээ. Жимсээ хурааж өвлийн хэрэгцээгээ хангана. Модны суулгац, жимс, ногоогоо сумынхаа иргэдэд хүртээдэг аж.


Тэрээр хашаандаа мод тарьснаар зүлэгжиж, олон төрлийн цэцэгнүүд ургадаг болсон тухай өгүүлэв. Өөрөөр хэлбэл, хашаанд нь хавар шуурганаар элс нүүж орж ирдэг байсан бол одоо газрын шим бүтэц сайжирч, үржил шимтэй болж, олон төрлийн эрвээхий, зөгий шувууд ирдэг болсон гэлээ.


Одоо П.Мөнхнасан хашаандаа гацуур, нарс, хайлаасны суулгацыг бэлтгэсэн байгаа ба ирэх хавар сумынхаа төвд гадаа талбайд тарихаар төлөвлөсөн байна.


Түүний хэтийн зорилго нь хүнсний ногооны болон мод үржүүлгийн хүлэмжтэй болж, Өгийнуур сум, Өгий нуураа ногооруулж, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийг багасгахад өөрийн хувь нэмрийг оруулах туйлын хүсэлтэй. Мөн Өгийнуур сумын ард иргэдийг нутгийн хөрсөнд ургасан огурцы, помидор гэх зэрэг хүнсний эко ногоогоор хангах зорилго байгаа бөгөөд энэ хүсэл зорилгоо бага багаар биелүүлж, урагшилж яваа нэгэн хүмүн билээ. 

П.Мөнхнасан шиг амьдрах орчноо сайжруулж, мод тарьсан иргэн, ААН-ийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Цагдаагийн газраас урамшуулж, талархал, үнэ бүхий зүйлийг дурсгажээ.  

Холбоотой мэдээ