БАЯН-ӨЛГИЙ: Шадар сайд С.Амарсайхан Баян-Өлгий аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-01-17 12:05:32

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын баг энэ өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Түүнийг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Улсын нөөцийн газрын дарга С.Лхагвасүрэн, ХХААХҮЯ болон ОБЕГ-ын холбогдох албан тушаалтнууд дагалдаж явна.

Ажлын баг өчигдөр Баян-Өлгий аймгийн өвөлжилт хүндэрсэн Толбо, Буянт сумын зарим багт ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцав.

Харин өнөөдөр аймгийн ЗДТГ-ын байранд аймгийн удирдлага, аймгийн Онцгой комиссын шишүүдтэй уулзлаа.

Баян-Өлгий аймгийн хувьд энэ сарын 13-ны өдрийн байдлаар гурван сум цагаан зудтай, зургаан сумын 14 багийн нутаг цагаанаар зудархуу, долоон сумын 19 баг хар зудтай байна. Түүнчлэн 4928 толгой мал зүй бусаар хорогдсон. Аймгийн хэмжээнд 1641 өрхийн 429 мянга гаруй толгой мал отроор өвөлжиж байна. Малчдын хувьд бэлтгэсэн өвс, тэжээлийнхээ 40 гаруй хувийг хэрэглээд байгаа ба аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг энэ сарын сүүлээр задлах төлөвлөгөөтэй байгаа талаар орон нутгийн удирдлагууд танилцуулав.

Шадар сайд С.Амарсайхан, "Малчин өрхүүд, орон нутгийг өвс тэжээлээр хүссэн хэмжээгээр нь хангаж чадахгүйгээс хойш иргэд, малчид, аж ахуйн нэгжүүд өөрсдөө импортоор оруулж ирж орон нутагтаа нийлүүлэх боломжийг бүрдүүлнэ. Хоёрдугаарт, Цагааннуурын чөлөөт бүсийн хашаанд мал оруулж бэлчээх шийдвэрийг гаргаж өгч байгаа" гэдгийг уулзалтын үеэр онцлов.

Мөн Буянт сум, аймгийн Засаг даргын тамгын газар, Ногооннуур сумын Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын газарт автомашин шийдвэрлэж, Улсын нөөцөөс 683 тн өвсийг хөнгөлттэй үнээр олгох шийдвэр гаргалаа.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд анхаарах, ханиад томууны тандалт судалгаа хийх, иргэдэд халдвар хамгааллын дэглэмийг сахих, урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэх, өрх гэр эрүүл, энх тунх байх боломж нөхцөлийг бүрдүүлэх, өвлийг өнтэй, хаврыг хохирол багатай даван туулах ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг аймгийн удирдлагуудад даалгалаа.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан одоо Бугат суманд ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ