Монгол, Хятадын Гадаад хэргийн сайд нар хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН. /Xinhua/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын
Гадаад хэргийн сайд Чинь Ган нар мягмар гарагт утсаар ярьж, хамтын ажиллагаагаа
бэхжүүлэхээ амлалаа.
Сүүлийн жилүүдэд
хоёр орны төрийн тэргүүн нарын стратегийн удардлага дор, мөн хоёр талын хамтын хүчин
чармайлтын үр дүнд Хятад, Монголын харилцаа хөгжлийн эрчээ хадгалж, хамтын ажиллагаа үр
өгөөжөө өгч, хоёр талын худалдааны хэмжээ түүхэн дээд үзүүлэлтэд хүрснийг Чинь Ган
тэмдэглээд, хоёр орны ард түмэн “COVID-19” цар тахлын эсрэг хамтран тэмцсэнийг мөн
онцолсон байна.
“Хятад-Монголын
харилцааг хадгалан бэхжүүлж, цаашид хөгжүүлэх нь хоёр талын хувьд стратегийн
сонголт юм. Хятад улс Монгол Улстай бүх түвшинд харилцаагаа бэхжүүлж, олон
салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийг
хамтаар байгуулахад ахиц дэвшил гаргахад бэлэн байна” гэж тэрбээр хэлэв.
Саяхан Хятад улс цар тахлын нөхцөл байдал өөрчлөгдөж байгаатай холбогдуулан халдварт өвчнөөс урьдчилан
сэргийлэх, хяналтад авах арга хэмжээгээ оновчтой болгож, хил дамнасан зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх шинэ
бодлого хэрэгжүүлж байна. Монгол
Улсын хувьд энэ талаар шинжлэх
ухааны үндэслэлтэй, бодитой байр суурийг баримталж, хоёр орны иргэд хоорондын харилцан зорчих хөдөлгөөнийг
дэмжиж байгааг Хятад улс өндрөөр үнэлж байгааг Чинь Ган онцолжээ.
Б.Батцэцэгийн
хувьд, Монгол, Хятад нь уул усаар холбогдсон хөрш орнуудын хувьд бүс нутгийн
хамтын ажиллагааны үлгэр жишээ түнш болж байгааг тэмдэглэв. Мөн Монгол Улс “Нэг
Хятад” зарчмыг тууштай баримталж, Хятад улстай өндөр дээд түвшний уулзалт, яриа
хэлэлцээний давтамжийг хадгалж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн сацуу бүс нутаг,
олон улсын энх тайван, тогтвортой байдалд хувь нэмэр оруулж, Монгол, Хятадын иж
бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргахад бэлэн байна гэв.