Бүжигчин Г.Бурмаа монгол бүжгийн гайхамшгийг Японы үзэгчдэд толилуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Японд ажиллаж амьдардаг бүжигчин Г.Бурмаагийн бие даасан анхны тайлан тоглолт Токио хотын “Санни холл” ордонд 2023 оны нэгдүгээр сарын 20-нд болно.
Тэрбээр ажлын гараагаа “Түмэн эх” чуулгаас эхлэсэн бөгөөд арлын оронд ирж, японы ардын бүжиг, цайны соёл зэрэг японы үндэсний урлаг, соёлоос суралцсаар икэбана цэцгийн дизайнер, багш болжээ. Тэрбээр урлаг соёлын үйл ажиллагаа болон монголын уран бүтээлчдээ байнга дэмжиж, монгол японыг холбох соёлын гүүр болсоор ирсэн.
Энэ удаа тэрбээр бие даасан анхны тайлан тоглолтоороо монголын шилдэг уран бүтээлчидтэй хамтран, монгол бүжгийн гайхамшгийг япон үзэгчдэд үзүүлэх гэж байна. Мөн икэбана цэцгийн урлагийн үзүүлбэрийг монголын үндэсний язгуур өв соёл, тайзны орчин үеийн ардын урлагийн дуу хөгжимтэй хослуулан тайзнаа амилуулах аж.
Тэрбээр Дундговь аймагт урлагийн гэр бүлд төрж өссөн бөгөөд түүний ээж уртын дуучин МУСТА Р.Хандсүрэн түүний ихэр Т.Шануй нар болон үеэл дүү УДБЭТ-ын балетын гоцлооч МУСТА М.Нандинцэцэг энэхүү тоглолтод оролцож байгаа юм.
Тоглолтод хүндэт зочноор Монгол Улсын Төрийн соёрхолт Д.Сосорбарам уригдсанаас гадна МУГЖ, бүжиг дэглээч, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн профессор багш Д.Энхгэрэл тус тоглолтыг найруулан дэглэхээс гадна “Түмэн эх”, “Улаанбаатар”, “Хүн театр”, “Моко юнит” чуулгын уран бүтээлчид болох монголын сор болсон шилдэг бүжиг дэглэгчид болон бүжигчид оролцох юм.