ДАРХАН-УУЛ: Төгсөх ангийн сурагчид бататгах давтлагад хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-01-19 23:10:34

Дархан-Уул /МОНЦАМЭ/. 2022-2023 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд ЕБС-ийн 12 дугаар ангийг 1139 сурагч төгсөх ажээ. Эдгээр сурагчдын 106 хүүхэд Шарын гол, Орхон, Хонгор сумын ЕБС-д суралцаж байна. Сумдын төгсөх ангийн сурагчдыг өвлийн амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлэх үүднээс элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлага хичээлийг энэ сарын 9-ний өдөр эхлүүлсэн аж. ЭЕШ-д зориулсан давтлага долоон төрлийн хичээлээр өдөрт зургаан цагийн хөтөлбөрөөр хичээллэж байна.

Өнгөрсөн хичээлийн жилд тус аймаг ЭЕШ-аар улсдаа тэргүүлсэн. Энэхүү амжилт нь төгсөх ангийн сурагчдын энэхүү давтлага хичээлийн үр дүн чухал нөлөө үзүүлсэн гэж үзэж буй юм.  Аймгийн Засаг дарга ЭЕШ-даа амжилт үзүүлж 750-800 оноо авсан сурагчдад 1.0-3.0 сая хүртэлх төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог. Энэ жил тус үйл ажиллагааг үргэлжлүүлэх ажээ.

Сурагчдын нэгдсэн журмаар давтлагад хамруулах уг үйл ажиллагааг аймгийн ЗДТГ, БШУГ, “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургууль хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Хөдөө сумдаас ирсэн сурагчид сургуулийн дотуур байранд болон хамаатныдаа байрлах сонголтоо өөрсдөө хийж байгаа аж.

Түүнчлэн сурагчдыг зөвхөн давтлагад хамруулахаас гадна спортын нөхөрсөг тэмцээн уралдаан зохион байгуулан шилдгүүдээ тодруулж, үндсэн хуулийн өдрийн хүрээнд танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээн хийжээ. Давтлага энэ сарын 20-ны өдөр дуусах аж.

Холбоотой мэдээ