“Монголын сайхан бичигтэн“ улсын уралдаан 26 дахь жилдээ шилдгүүдээ тодрууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-01-20 11:06:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн-2022“ улсын уралдаан 26 дахь жилдээ шилдгүүдээ тодрууллаа.


“Монголын сайхан бичигтэн-2022“ улсын уралдааны нийт 7 ангилалд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс 1100 гаруй хүн оролцож, Хөвсгөл, Дорноговь, Дорнод, Дундговь, Баянхонгор аймгаас хамгийн олон бичвэр, бүтээл ирүүлжээ. Уралдаанд оролцогчдын хамгийн ахмад нь нийслэлийн Баянгол дүүргийн иргэн, Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, өдгөө 100 настай С.Жигмэдсүрэн, мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны өндөр настан С.Цэнд-Аюуш, Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны иргэн, өндөр настан Ц.Доржсүрэн, Дорнод аймгийн Хэрлэн сумын өндөр настан Ш.Нэргүй, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны ахмад настан Б.Ням-Очир байв. Харин хамгийн бяцхан оролцогч нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн 131-р сургуулийн 2 ”а” ангийн сурагч Ж.Ундрал, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн 3-ын ”б” ангийн сурагч Ү.Эмүжин байлаа.


Дэлхийн бичиг соёлын түүхэнд монголчуудын оруулсан гайхамшигт өв-үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлэх, төгөлдөр эзэмшигчдийг алдаршуулах зорилгоор уг уралдааныг төр засаг дэмжиж ирсэн юм. Тухайлбал, “12-р ангийн сурагчид”-ын ангилалд эхний 3 байрт шалгарсан 4 сурагчийг “Боловсролын зээлийн сан”-гийн буцалтгүй тэтгэлгээр МУИС, МУБИС-д 4 жил суралцах эрхээр шагнадаг. Энэ жил уг эрхийг 6 болгон нэмж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 80 гаруй сурагч дээрх хоёр их сургуульд улсын зардлаар, төлбөргүй суралцан төгсөж, монгол орныхоо өнцөг булан бүрд үндэсний бичгээ зааж сургах ариун үйлсэд нэр төртэй зүтгэж яваа юм. 


Уран зургийн галерейд өнөөдөр болсон шагнал гардуулах ёслол, шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэнг нээж, МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос хэлсэн үгэндээ, “МОНЦАМЭ агентлаг бол монгол хүн, монгол туургатны үндэсний бахархлын ундарга, оюуны соёлын амин хэлхээ болсон худам монгол бичгээ дээдлэн дэлгэрүүлэх зорилго бүхий “Хүмүүн бичиг” сониныг 31 жилийн тэртээ үүсгэн байгуулж, өдий хүртэл хөгжүүлэн авч яваа билээ. Мөн 1997 оноос хойш “Монголын сайхан бичигтэн“ улсын уралдааныг 26 дахь жилдээ зохион байгуулж байна. МОНЦАМЭ агентлаг эх орноо гадаад ертөнцөд таниулан сурталчлах үндсэн үүргээ биелүүлэхийн сацуу цаашид дотооддоо монгол мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхийг эрхэм зорилгоо болгож байна. Дэлхий дахинаа тулгамдсан олон асуудлын шийдлийг олоход монгол ухаан, мэдлэг дутагдаж байгаа нь анзаарагддаг. Шийдлийн хувилбар, оньс нь монгол бичгээр хадгалагдаж буй оюуны их өвд, мэдлэг нь монгол эрдэмтэнд бий гэж би итгэдэг. Монгол хүн, монгол мэдлэг дэлхийд тод мөртэй, үнэ цэнтэй байх ёстой. Ийм байлгахын төлөө МОНЦАМЭ агентлаг онцгой үүрэгтэй ажиллана.


УИХ-аас 2015 онд баталсан Монгол хэлний тухай хуулийн дагуу 2025 оноос монгол бичгийг төрийн албан хэрэглээнд кирилл бичигтэй хослуулан хэрэглэх шийдвэр гарсан. Шийдвэрийг амьдралд хэрэгжүүлэхэд бодит нөлөө үзүүлэхээр МОНЦАМЭ агентлаг үндэсний монгол бичгээр 7 хоногт тутам эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониноо өдөр тутмын сонин болгон хөгжүүлэх, улсын уралдаанаа улам өргөн цараатай болгон төгөлдөржүүлэхийн төлөө хичээнгүйлэн зүтгэнэ гэдгээ тэмдэглэн хэлэхэд таатай байна” гэлээ.


Эх орны өнцөг булан бүрд суугаа 8 настай балчраас 80 настай буурал хүртэл өрсөлддөгөөрөө хамгийн олон оролцогчтой уг уралдааны шилдгүүдийн шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар ирж гардуулан, уралдааны нэр хүнд, үнэ цэнийг тодотгож ирсэн уламжлалтай. Энэ жилийн уралдааны шагнал гардуулах ёслол, шилдэг бүтээлийн үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцон тэргүүн байр эзэлсэн оролцогчдын шагналыг гардуулж, баяр хүргэв.

 

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн олон улс оронд оршин суугаа элэг нэгт монгол ахан дүүс маань үндэсний бичиг үсгээ өвлүүлэн уламжлуулж, түгээн дэлгэрүүлсээр байгаа нь монгол үндэстний соёлын дархлааг сахин хамгаалж, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглэсэн юм.


Тэрбээр цааш нь ярихдаа, “Монголчууд үндэсний бичиг соёлоо хадгалан хамгаалж, дэлхийд сурталчлан таниулах, өв соёл, түүхээ үр хойчдоо өвлүүлэхээр 2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөхөөр хуульчилсан. Энэ бол хүн төрөлхтний өв соёлд Монголчуудын оруулж буй үнэтэй хувь нэмэр. Үндэсний бичиг үсгийн хэрэглээнд орчин үеийн техник, технологийн дэвшлийг ашиглах нь Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Манай эрдэмтэн, судлаач, инженерүүд монгол бичгийн хөрвүүлгийн программын анхны хувилбарыг хэрэглээнд нэвтрүүлээд байна. Цаашилбал, 2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөхөд монгол бичгийн алдаа шалгуур зэрэг олон чухал цахим шийдэл чухал юм. Ерөнхийлөгч бодлого үйл ажиллагааныхаа хөтөлбөрт эх хэл, бичиг үсгийн бодлогыг онцгойлон анхаарч, үндэсний бичиг үсгээ сурч эзэмших, заан сургах, түгээн дэлгэрүүлэх санал санаачилгыг бүх талаар дэмжихээ илэрхийлсэн. Тухайлбал, Ерөнхийлөгчийн ивээл дор “Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн үзэсгэлэнг жил бүр зохион байгуулж, үндэсний бичиг үсгээ сурч буй сурагчдаас эхлээд заан сургаж, түгээн дэлгэрүүлж байгаа багш, уран бичээч, уран бүтээлчдээ урамшуулан дэмжиж, шилдэг бүтээлийг нь олонд сурталчлан таниулж байна. Хагас жарны турш монгол бичгийн хэрэглээг нэмэхэд чухал хувь нэмэр оруулж ирсэн “Хүмүүн бичиг” сониныг өдөр тутмын болгох нь зүйтэй” хэмээлээ.   


Монголчууд өөрсдөө буй болгон хөгжүүлсэн тиг хэлбэр буюу хулсан үзгийн бичлэгийг сурагч оюутнаас мэргэжлийн уран бичээчид хүртэл шинэ тутам сурч эзэмшин, түүгээр бүтээлээ урлан, уралдаанд олноор оролцсон нь өнөө жилийн уралдааны нэгэн шинэ өнгө төрх болж байна. Уралдааныг БШУЯ, Соёлын яам дэмжиж, хамтран ажилласан юм.

 

“Монголын сайхан бичигтэн-2022” улсын 26-р дугаар уралдааны дүн

а. Сурагчдын ангилал

1. 1-7-р ангийн сурагчдын ангилал

Нэгдүгээр байр: Э.Дариймаа  (НЕБ-ын 1-р сургуулийн 7-гийн ”е” ангийн сурагч)

Хоёрдугаар байр: Э.Пүрэвжаргал (Хөвсгөл аймгийн Мөрөн сум. 6 ”а” ангийн сурагч)

Гуравдугаар байр: Г.Анар (Баянхонгор аймгийн 5-р сургуулийн 6-гийн ”б” ангийн сурагч )

Тусгай байр: -М.Ирмүүн ( Нийслэлийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн  6 -гийн ”11” ангийн сурагч)

-П.Сарангэрэл (Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор сургуулийн 7-гийн “10” ангийн сурагч)

 

2. 8-11-р ангийн сурагчдын ангилал

Нэгдүгээр байр: И.Уранцэцэг (Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Сод эрдэм” сургуулийн 11”б” ангийн сурагч)

Хоёрдугаар байр: Н.Болормаа (Дархан-Уул аймгийн 16-р сургуулийн 11-ийн ”а” ангийн сурагч )

Гуравдугаар байр: Г.Цолмон (Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 11-ийн ”б” ангийн сурагч)

Тусгай байр: О.Энхбаасан (Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ЕБС-ийн 11-ийн ”б” ангийн сурагч)

 -Н.Үүрцайх (Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 10-ын ”а” ангийн сурагч)

 

3. 12-р ангийн сурагчдын ангилал

Нэгдүгээр байр: Ү.Энхжин  (Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС- ийн 12-ын ”б” ангийн сурагч)

-Ч.Өнөрзаяа (Төв аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн 12-ын ”а” ангийн сурагч)

Хоёрдугаар байр: Б.Лхагвачимэг (Төв аймгийн Батсүмбэр сумын ЕБС-ийн 12-ын ”а” ангийн сурагч)

-Б.Билгүүнсаран (Архангай аймгийн Цэцэрлэг сумын 4-р сургуулийн 12-ын ”а” ангийн сурагч)

Гуравдугаар байр: Т.Цэнд (Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ЕБС-ийн 12-ын “а” ангийн сурагч)

-Г.Анударь (Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” сургуулийн 12-ын ”а” ангийн сурагч) 

 

б. “Сайхан бичигтэн анги” ангилал

Нэгдүгээр байр: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн монгол хэл, бичгийн багш Б.Анхбаярын  бэлтгэсэн 11-ийн ”д” анги.    

Хоёрдугаар байр: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нэгдүгээр сургуулийн монгол хэл, бичгийн багш А. Баянжаргалын бэлтгэсэн 11-ийн ”а” анги.

Гуравдугаар байр: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн монгол хэл, бичгийн багш Ц.Цэвээнсүрэнгийн бэлтгэсэн 10-ын ”б” анги.

 

в. Мэргэжлийн багш нарын ангилал

Нэгдүгээр байр: М.Ганбагана (Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Цэгц билиг” сургуулийн монгол хэл, бичгийн багш)

Хоёрдугаар байр: Ү.Мөнхбалжир ( “Монголын хүүхдийн урлан бүтээх төв”-ийн багш)

Гуравдугаар байр: Б.Оюун-Эрдэнэ (Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн монгол хэл, бичгийн багш)

Тусгай байр: Э.Батжаргал (Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Оюунлаг” сургуулийн монгол хэл, бичгийн багш)

-П.Бямбадулам (Орхон аймгийн “Эрдмийн сан” сургуулийн багш)

 

г. Насанд хүрэгчдийн ангилал

Нэгдүгээр байр: Б.Хүслэн-Эрдэнэ (МУИС-ийн МХУЗБ-ийн  2-р түвшний оюутан)

Хоёрдугаар байр: Б.Хандсүрэн (ШУТИС-ийн IOT- зүйлсийн интернэтийн 3-р түвшний оюутан )

Гуравдугаар байр: Р.Эрдэнэболор (“Оюут” урлангийн үүсгэн байгуулагч)

Тусгай байр: Э.Арвин (МУБИС-ийн 1-р  түвшний оюутан)

- Ш.Нэргүй (Дорнод аймгийн Хэрлэн сумын ахмад настан)

 

д. Уран бичлэгийн ангилал

Хоёрдугаар байр: Ч.Бямбадолгор (Архивын ерөнхий газрын ажилтан)

Гуравдугаар байр: С.Баярмөнх  (“Хаан бичиг” төвийн уран бичээч, МУБИС-ийн 1-р түвшний оюутан)

Тусгай байр: Б.Зэсмаа (МУБИС-ийн 3-р курсийн оюутан)

 -О.Ням-Очир (Чөлөөт уран бүтээлч)

 

е. Бүтээлийн ангилал

Нэгдүгээр байр: Ч.Өнөрдэлгэр (Өмнөговь аймгийн Гурвантэс сумын малчин)

Хоёрдугаар байр: М.Эрдэмбилиг  (“Зүүн Хүрээ Дашчойлин” хийдийн бурханч лам, багш)

Гуравдугаар байр: Г.Угтахбаяр (Орхон аймгийн ЕБ-ын 14-р сургуулийн 12-ын ”а” ангийн сурагч)

Тусгай байр: Ё.Ринченмядаг (Завхан аймгийн Улиастай сумын 12-ын ”б” ангийн сурагч)

Ж.Ундрал (НЕБ-ын 131-р сургуулийн 2-ын ”а” ангийн сурагч)

 

ё.Нэрэмжит шагнал

“Ш.Лувсанвандан сан”-гийн нэрэмжит шагналаар:

- Ж.Гэрэлмаа (Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р сургуулийн багш )

 

“Монгол дуу, дүрс сан” ТББ-ын шагналаар: 

-Г.Энхсайхан (Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн 9-ийн ”а” ангийг бэлтгэсэн багш )

-Завхан аймгийн Улиастай сумын 12-ын ”в” ангийн хамт олон. Бэлтгэсэн багш Т.Цэрэндолгор

 

“Монгол хэл, бичгийн багш, судлаачдын үндэсний холбоо” -ны нэрэмжит шагналаар:

-Б.Долгормаа (Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Далайван” ЕБС-ийн багш )

 

Ахмад дипломат Г.Луузаны нэрэмжит шагналаар:

-Б.Оюунжаргал (Завхан аймгийн Улиастай сумын “Чандмань-Эрдэнэ” сургуулийн 11-ийн ”а” ангийн сурагч )

 - Ү.Эмүжин (Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 3-ын ”б” ангийн сурагч)

 

Ахмад дипломат Ч.Намчины нэрэмжит шагналаар:

-Б.Булган-Эрдэнэ (Увс аймгийн Наранбулаг сумын 8-ын ”а” ангийг бэлтгэсэн багш )

-Б.Амаржаргал (Дорноговь аймгийн Замын – Үүд сумын 1-р сургуулийн багш)

 

Жүжигчин Р.Анхнямын нэрэмжит шагналаар:

-С.Жигмэдсүрэн (Нийслэлийн БГД-ийн нэгдүгээр хорооны ахмад настан -100 настай )

 

Дипломат Н.Батын нэрэмжит шагналаар

- Л.Сэмжидмаа (Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-р сургуулийн багш)

-Э.Мөнхдалай (Баянхонгор аймгийн 5-р сургуулийн багш)

 

Дараах 20 хүнд бүтэн жил сонин унших эрх

1. Б.Цэцэгмаа  (Ховд аймгийн Жаргалант сумын “Цаст-Алтай” цогцолбор сургуулийн 10-ын ”г” ангийг бэлтгэсэн багш)

2. Ш.Бямбажав (Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2-р багийн ахмад настан )         

3. Б.Урангоо      (Завхан аймгийн Улиастай сумын “Чандмань-Эрдэнэ” сургуулийн МХУЗ-ын багш)

4. Э.Энхсаруул (“Olimpus GYM”-ийн иогийн багш)

5. Э. Ганганбайгаль (НЕБ-ын 67-р сургуулийн 12-ын ”в” ангийг бэлтгэсэн багш)

6. Ө.Энхжаргал (НЕБ-ын 52 дугаар сургуулийн МХУЗ-ын багш )

7. Э.Алтжин( Завхан аймгийн ЕБ-ын “Чандмань- Эрдэнэ” сургуулийн 8-ын ”б” ангийн сурагч )

8. Э.Номинжин (Завхан аймгийн ЕБ-ын “Чандмань-Эрдэнэ” сургуулийн 8-ын ”б” ангийн сурагч)

9. Ц.Норпил (НЕБ-ын 1-р сургуулийн МХУЗ-ын багш )

10. Г.Мөнх-Ундрал (НЕБ-ын 23-р сургуулийн МХУЗ-ын багш )

11. Б.Цэвэлмаа (Увс аймгийн лаборатори 1-р сургуулийн МХУЗ-ын багш)

12. Э.Урангоо (Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын ЕБС-ийн МХУЗ-ын багш)

13. Э.Баттогтох (Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Эрдмийн далай” дунд сургуулийн МХУЗ-ын багш)

14. Ш.Ширнэн (“Монгол билиг оюун” сургуулийн багш)

15. Ч.Доржсүрэн  (Нийслэлийн СХД, 19-р хорооны ахмад настан)

16. С.Цэнд-Аюуш (Нийслэлийн Хан-Уул дүүргийн 7-р хорооны ахмад настан)

17. Б.Ням-Очир (Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны ахмад настан )

18. Ш.Ариунаа (Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р сургуулийн МХУЗ-ын багш)

19. Б.Бямбасүрэн (Завхан аймгийн Улиастай сумын “Чандмань – Эрдэнэ” сургуулийн МХУЗ-ын багш)

20. Б.Амаржаргал (Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р сургуулийн МХУЗ-ын багш)

 

                                     100 настан С.Жигмэдсүрэн: Монгол бичиг бол монгол угсаатны гэрчилгээ

“Монголын сайхан бичигтэн-2022“ уралдаанд оролцогчдын хамгийн ахмад нь нийслэлийн Баянгол дүүргийн иргэн, Завхан аймгийн Алдархаан сумын уугуул С.Жигмэдсүрэн гуай өдгөө 100 насны босгон дээр 25 дахь жилдээ бүтээлээ ирүүлжээ.


Үндэсний бичиг соёлыг залуу хойч үедээ түгээхэд үлгэр дууриал болж, бахдам хувь нэмрээ оруулж буй С.Жигжидсүрэн гуайн сэтгэгдлийг сонирхоход, “Би монгол бичгийн багшаар 46 жил ажилласан. Монгол бичиг бол монгол хүнийг ертөнцөд гэрчилсэн, монгол угсаатны гэрчилгээ юм. Монголчууд олон бичиг хэрэглэж ирсний дотроос шалгарч, хэдэн мянган жил уламжилж ирсэн бичиг соёл. Би уралдаанд шагнал авахын төлөө оролцсон юм биш. Багш хүний хувиар монгол хүн эх хэл бичгээ заавал мэдэх ёстой, аль болох олон хүнийг хамруулж, хойч үе монгол бичгээ мэдээсэй, сайхан бичигтэн болоосой гэсэн утгаар оролцоод яваад байгаа юм.


Миний сэтгэлийг хүндэтгэн дэмжээд шагнаж байгаад ихэд баярлаж байна. Уралдааныг анх зохион байгуулсан нь монгол бичгийг улс даяар сураасай, эх бичгээрээ албан хэргээ хөтлөөсэй, монгол хүн монгол бичгээ сурах хэрэгтэй, монгол угсаатанд энэ гайхалтай бичгийг эзэмшихийг зарласан сайхан түүхтэй үйл явдал. Энэ уралдаанаас олон сайхан бичигтэн төрлөө. Үүнд “Хүмүүн бичиг” сонин маш их үүрэг гүйцэтгэн, сүүлийн 30 жил монголчуудыг монгол бичигтэн болгох ажлыг бүрэн авч явлаа шүү дээ. Монголын хүүхэд багачуул, оюутан, эрдэмтэн, сэхээтэн монгол бичгээ бүрэн эзэмшээсэй гэдгийг залууст хойч үедээ захиж, хүсэж байна даа” хэмээсэн юм.


Тэрбээр, МУИС-ийг 1962 онд Академич Д.Цэрэнсодном, Д.Төмөртогоо, Ардын жүжигчин Л.Цогзолмаа, Ардын уран зохиол Ш.Сүрэнжав нартай хамт төгсөж, монгол бичгийн хоршоолол, Монгол хэл, бичгийн дээд сургуулийг байгуулахад гар бие оролцсон бөгөөд МУИС-ийн 80 жилийн ойг тохиолдуулаад их сургуулийнхаа тухай сэдвээр бичсэн бүтээлээрээ уралдаанд оролцсон аж.

 

                                                Багш, шавь хамтдаа тэргүүлсэн "Монголын сайхан бичигтэн" уралдаан

Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Цэгц билиг” сургуулийн монгол хэл, бичгийн багш М.Ганбагана, тус сургуулийн 12-ын “б” ангийн сурагч, шавь М.Номингийн хамтаар “Монголын сайхан бичигтэн-2022“ улсын уралдааны мэргэжлийн багш нарын болон 12-р ангийн сурагчдын ангилалд тэргүүн байр эзэлжээ.


Монгол хэл, бичгийн багш М.Ганбагана: -Монгол хэл, бичгийн багшаар 2 дахь жилдээ ажиллаж байна. Уралдаанд  “2025 онд багш бидний үүрэг оролцоо” сэдвээр эсээ бичсэн. 12 дугаар ангийн сурагч бэлдэж, шавьтайгаа хос түрүү авсандаа бахдалтай сайхан байна. Энэ уралдаанд би 7 жилийн өмнө 2016 онд 12 дугаар ангийн сурагчдын ангилалд тэргүүн байр эзэлж байсан. Багшийн хувьд оролцсон нь дөнгөж эхлэл, маш их урам зориг авлаа. Дараагийн уралдаанд олон шавь бэлдэж, бүх төрөлд нь оролцуулахыг хүсэж байна. Монгол бичиг бол монголчуудын ахуйтай салшгүй холбоотой, бидний яс, цусанд шингэсэн соёл. Дээрээс доош босоо бичдэг учир маш хурдан бичигддэг. Чингис хаан 13 дугаар зууны үед төрийн бичиг болгож байх үед л сонгодог хэлбэрээ олоод, бүх төрлөөр хөгжчихсөн гэж үздэг. Зарим хүн сурахад хэцүү, чадахгүй гэдэг. Тийм биш юм, бидний цусанд байдаг учир ямар ч хүн амар сурна. Иймд хүн бүр сурч чадна гэдгийг ойлгуулах, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулна даа.



Тэргүүн байрт шалгарсан ч өөр мэргэжил эзэмших сонирхолтой тул шагналаасаа татгалзсан, "Миний сонгосон мэргэжил одоогоор нууц" хэмээн инээмсэглэх, 12 дугаар ангийн сурагч М.Номин: Өнгөрсөн жилээс бийрээр бичиж эхэлсэн. Уралдаанд эхний байруудад орохыг зорьсон ч итгэлгүй байсан. Бүтээлээ хотод ирж өдөр, шөнөгүй сууж хийсэн. “Монгол Улсын хөгжилд миний хувь нэмэр” сэдвээр эсээ бичсэн. Түрүүлсэндээ сэтгэл хангалуун байгаа. Боломж гарвал дараа жил ч оролцоно. Бага ангид байхаасаа монгол бичгийг сонирхож сурсан. Бидний үеийнхэн дунд ангиас монгол бичиг заалгадаг. Бага ангийн багш маань 5 дугаар ангид зааснаас хойш монгол бичигт, монгол хэлний хичээлд дуртай болсон доо. 

Холбоотой мэдээ