ДУНДГОВЬ: Эргэн тойрондоо байгаа эрсдэлийг бид анзаардаг уу?

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-01-27 11:32:43
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймагт залуучууд нэгдэн, тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, шийдвэрлүүлэх нөлөөллийн ажил өрнүүлсэн нэгэн өвөрмөц хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ бол “Манлайлагч-50” хөтөлбөр юм.

2022 оны 12 дугаар сард "Гэрэлтдэг ертөнц" ТББ, ”Ид шидийн орон”-оос гарсан санаачилгыг аймгийн ЗДТГ, ХХҮГ дэмжин энэхүү хөтөлбөрийг эхлүүлжээ. Хөтөлбөрт оролцох залуучуудыг сонгохдоо иргэд санал дэвшүүлж, нэр дэвшүүлсэн залуучуудад саналаа өгснөөр хамгийн олон хүний санал авсан 50 залууг сонгосон юм.

Иргэдийн оролцоотойгоор сонгогдсон залуус 4 удаагийн чадавхжуулах сургалтад хамрагдаж, өөрсдөө 5 баг болон аймгийн хэмжээнд хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхойлсны үндсэн дээр Сайнцагаан сумын эрсдэлийг үнэлж, бууруулах болон Хоггүй хот болох хоёр асуудлыг сонгон үйл ажиллагаа явуулжээ.

Бид нэг л орчинд удаан амьдарч, тэндээ дасчихаар эргэн тойрондоо байгаа эрсдэлүүдийг анзаарахаа больчихдог, энэ нь байж л байх ёстой зүйл шиг дасчихдаг, гэтэл тэдгээр зүйлүүд ямар их эрсдэл, хор уршиг дагуулж болохыг залуучууд хөндлөө.

Тухайлбал: Хашаа, байшин бүр дээр 2-3 хаяг хадаатай байгаагаас яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг иргэд цаг алдалгүй авч чаддаггүй, барилгын компаниуд барилгаа барьж дууссан ч овоолсон чулуу шороо, барилгачдын ашиглаж байсан нүхэн жорлонгоо цэвэрлэж орхидоггүй учраас энэ нь байгаль орчин, уур амьсгал, хотын өнгө үзэмжид таагүй байдлаар нөлөөлдөг, дулааны болон бохирын худгуудын таг эвдэрч, газар нь цөмрөн орсноос хүүхдүүд унаж бэртэх аюултай, усан сангуудын гадна асгарсан ус хөлдсөнөөс хүүхдүүд унаж, хөл гараа гэмтээх аюултай байгааг тэд танилцууллаа.

Эдгээр асуудлуудыг цэгцлэх, эрсдэлийг бууруулах, орчин тойрноо эзний ёсоор харахыг тэд сануулж, Сайнцагаан сумын ЗДТГ, 9 багийн удирдлага, Хот тохижилтын алба, ГХБХГ-т нөлөөлөл үзүүлснээр энэхүү асуудлыг шийдвэрлэхээр болж байна.

Түүнчлэн  "Та бусдад юу түгээдэг вэ? сургалт зохион байгуулж, 300 гаруй иргэнд нөлөөллийн ажлаа танилцуулан амьдарч буй орчиндоо, нийгэмдээ гэрэл асаахыг уриалсан нь үйл ажиллагаанд оролцогчдын сэтгэлийг хөдөлгөсөн юм.

Хөтөлбөрийн залуучууд энэхүү нөлөөллийн үйл ажиллагааныхаа хүрээнд аймгийн төвд байдаг усан сангуудын гаднах мөсийг хагалж, “Хаягжилтаараа жигдэрье” аяныг эхлүүлж, иргэдэд хогоо ангилан ялгах сургалт, сурталчилгааны ажлуудыг зохион байгуулж байна.

“Хаягжилтаараа жигдэрье” аяны хүрээнд айл өрх бүр хашаан дээрх хуучин хаягуудаа авч, "Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам"-ын дагуу гаргасан сүүлийн шинэ хаягаа үлдээх шаардлагатай юм.

“Манлайлагч-50” хөтөлбөр 2 дугаар сарын 8-ны өдөр иргэдэд үр дүнгээ танилцуулах ба үлдсэн хугацаанд “Байгальд үлдээх бидний мөр” нээлттэй өдөрлөг зохион байгуулж, дээрх эрсдэлүүдийг арилгахаар нөлөөлж, өөрсдөө манлайлж,  орчиндоо, нийгэмдээ гэрэл асаахыг уриалан үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ.   

Холбоотой мэдээ