Монголын дүрслэх урлагийн сор бүтээлүүдийг Доха хотноо 72 мянган үзэгч үзэж сонирхжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-01-27 19:35:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Уран зургийн галерей Катарын Үндэсний музей хамтран Катар улсын Доха хотноо 2022 оны 10 дугаар сарын 26-наас 2023 оны 1 дүгээр сарын 14-нд зохион байгуулсан ON THE MOVE тусгай үзэсгэлэнд оролцсон сор бүтээлүүдийг эх орондоо буцаан авчирлаа.

 

Тус үзэсгэлэн Ойрх Дорнод, Хойд Африк, Өмнөд Азийн нүүдэлчин соёл, өв уламжлалыг тусгасан бөгөөд үзмэрүүд нь Катарын Үндэсний музей, Лусаил музей, Катарын Үндэсний номын сан, Катарын бусад музейн цуглуулга, Монголын Үндэсний музей, Монголын Уран зургийн галерей, Парис дахь Musee Quai Branly, Вена дахь Wein Welt музей зэрэг олон улсын музейн 400 гаруй үзмэр цуглуулгаас бүрдсэн байна.

 

Үзэсгэлэнд  Монголын Уран зургийн галерейн алтан сан хөмрөгт буй Монгол, Франц Ардын зураач, УГЗ зураач Б.Чогсомын “Тайхар чулуу, БНМАУ-ын Ардын зураач, Төрийн шагналт, УГЗ зураач Л.Гаваагийн “Кино механикч, Монгол Улсын Төрийн шагналт, УГЗ зураач М.Цэмбэлдоржийн “Цагийн сайхан, МУЭ-ийн шагналт зураач Ц.Жамсрангийн “Орхоны хавар зэрэг Монголын дүрслэх урлагийн сор бүтээлүүдийг дэлгэсэн юм.

 

Энэ нь Монголын дүрслэх урлагийг олон улсын үзэгчдэд сурталчлан таниулах, мөн Дэлхийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үзэгчдэд монголчуудын нүүдэлчин соёл уламжлал, ертөнцийг үзэх үзэл, ахуйн өвөрмөц хэв маягийг урлагийн бүтээлээр дамжуулан толилуулах түүхэн ач холбогдолтой байв.

 

Үзэсгэлэнг дэлхийн өнцөг булан бүрээс хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэхээр ирсэн 72 мянган үзэгч үзэж сонирхсон байна.

 

Монголын Уран зургийн галерей цаашид Катарын үндэсний музейтэй хамтран гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр олон талт санал солилцсон бөгөөд Катарын Үндэсний музейн захирал эрхэмсэг хатагтай Шейха Аль-Маясса бинт Хамад бин Халифа Аль Тани уг үзэсгэлэнд оролцож, нүүдэлчдийн соёлын өвийг тээж ирсэн Монголчуудын өв дурсгалууд Катар улсын Үндэсний музейд олон нийтэд хүрч буйд талархаж буйгаа илэрхийлжээ.

 

Ташрамд дурдахад, энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь нүүдэлчин ард түмний аж амьдрал, түүх соёлыг археологийн олдвор, уран зураг, аман түүхийн сурвалж, архивын бичлэг, орчин үеийн гэрэл зураг зэрэг бүтээлүүдээр дамжуулан судалж, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах юм.









Холбоотой мэдээ