Хүүхдүүд чарганаас унаж гэмтэх нь ихэсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-01-27 15:24:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Унаж гэмтэх нь нийт осол гэмтлийн дунд хамгийн түгээмэл тохиолддог бөгөөд улсын хэмжээнд жил бүрийн осол гэмтлийн шинэ тохиолдлын 35-40 хувийг эзэлж, тэргүүлэх шалтгаан болж байна.


ГССҮТ-д 2018-2022 онд унаж гэмтсэний улмаас тусламж үйлчилгээ авсан хүний тоо 279.402 бөгөөд жилд дунджаар 55.880 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь нийт осол гэмтлийн 45.30 хувийг эзэлж байгаа юм.

2023 он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тус төвд цас мөсөн дээр халтирч, унаж гэмтсэний улмаас 1541 хүн яаралтай тусламж авч үйлчлүүлжээ. Түүнчлэн чарганаас унаж гэмтсэн 221 үйлчлүүлэгч яаралтай тусламж авснаас 149 нь буюу 67.4 хувь нь 1-18 хүртэлх насны хүүхэд байна. Тухайлбал, 1-4 насны 15, 5-9 насны 63, 10-14 насны 60, 15-17 насны 11 хүүхэд чарганаас унаж гэмтжээ. Иймд зориулалтын чаргыг ашиглах, цана, чаргаар гулгахдаа болгоомжтой байхыг эм чнар анхаарууллаа. Зориулалтын чаргыг хавтгай гүйгчтэй, чаргыг түлхэх бариултай, дэмжигч нуруутай, төмөр болон модоор хийдэг аж. 



Зөвлөмж:

  • Чаргаар ар араасаа дараалан гулгахгүй байх, зэрэгцээ эгнээнээс гулгах
  • Замын голд зогсолт хийсэн бол бусдад болон өөртөө бэртэл учруулахгүйгээр замаа чөлөөлж зогсох
  • Чаргаар гулгахдаа чарган дээр байрлалаа өөрт эвтэйхнээр сонгох буюу хөл, гараа унжуулахгүй, чирэхгүй байх
  • Хөл, гараараа тулснаар чарганы чиглэл өөрчлөгдөж, бусадтай мөргөлдөх, унах, бэртэх эрсдэлтэй.
  • Гулгаж дуусаад чарганаасаа хурдан босох, ухарч гулгахгүй байх, бусдад болон өөртөө бэртэл учруулахгүйгээр, мөргөлдөх болон мөргүүлэхээс зайлж, дээрээс гулгаж буй хүнийг харж, замаа чөлөөлөх
  • Гулгахад тохиромжтой зам, талбай болон авто замаас хол гулгах
  • Эм ба спиртийн төрлийн зүйл хэрэглэн согтуурсан, мансуурсан байдалтайгаар гулгахгүй
  • Гулгах үедээ гар утас, хөгжим ашиглахгүй
  • Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.
Холбоотой мэдээ