ДЭМБ “COVID-19”-тэй холбогдуулан зарласан онцгой байдлыг үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2023-01-27 15:44:32

ЖЕНЕВ. /WHO/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ COVID-19”-ийн тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал үргэлжлүүлэн зарлах эсэх асуудлаар хэлэлцэх шинжээчдийн хороог баасан гарагт хуралдуулахаар болжээ.


Энэхүү хуралдаан нь ДЭМБ коронавирусний тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарласны гурван жилийн ой болохоос /нэгдүгээр сарын 30/ гурван хоногийн өмнө болох юм.  


Өнгөрсөн 10 дугаар сард болсон хуралдаанаар хорооны гишүүд шинээр үүсэж буй хувилбаруудын эрсдэлтэй холбоотой тодорхойгүй байдал зэрэг олон хүчин зүйлсийг харгалзан үзсэний дүнд онцгой байдлыг цуцлахад хэт эрт байна гэсэн дүгнэлтэд хүрсэн билээ. 


Олон улсын хэмжээнд онцгой байдал зарлах гэж юу вэ?


ДЭМБ аливаа өвчин олон улсын хэмжээнд тархсан, үүнтэй тэмцэхэд олон улсын хамтын ажиллагаа шаардлагатай болсон үед олон улсын хэмжээнд онцгой байдал зарладаг. Мөн халдвар дэгдсэн улсынхаа хилээс даван олон нийтийн эрүүл мэндэд ноцтой, гэнэтийн, төсөөлөөгүй нөхцөл байдал үүсгэсэн үед тогтоодог байна.


2005 онд баталсан Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу олон улсын онцгой байдал зарласан тохиолдолд дэлхийн улс орнууд нэн даруй шаардлагатай арга хэмжээ авах үүрэг хүлээдэг. Уг шийдвэрийг олон улсын мэргэжилтнүүдээс бүрдсэн ДЭМБ-ын Онцгой байдлын хороо олон нийтэд танилцуулдаг юм.


ДЭМБ 2009 оноос хойш олон улсын хэмжээний онцгой байдлыг зургаа дахь удаагаа тогтоогоод байгаа нь энэ бөгөөд 2009 онд гахайн томуу, 2014 онд Полио вирус, 2016 онд зика вирус, 2014, 2019 онд эбола вирусний дэгдэлтийн үеэр тус тус зарласан байна. Онцгой байдал тогтоосноор ДЭМБ зөвлөмжүүдийг тогтмол өгч, гурван сар тутам тайлагнадаг. 

Холбоотой мэдээ