СЭЛЭНГЭ:Хойд бүсийн “Мөсөн сурын чуулга харваа”-нд 200 гаруй тамирчид цэц мэргээ сорьжээ

ӨВ СОЁЛ
otgontsetseg@montsame.mn
2023-01-31 13:57:31

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Соёлын биет болон биет бус нандин өв соёлыг хамгаалах, хөгжүүлэх. Цаашид түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилго дор Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Хойд бүсийн “Мөсөн сурын чуулга харваа” тэмцээн болсон байна.


Мөсний сурын харваа нь монгол эрчүүдийн тэсвэр тэвчээр, эр чадал, авхаалж самбаа, хурц хараа, хурдан түргэн сэтгэх, бие бялдрын хөгжил, төлөвшлийн хэрэглүүр болсоор эрт үеэс уламжлан өвлөгдсөн төдийгүй орчин үед ч хөгжсөөр байгаа спорт юм. 


Энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Дааган дэл хэмээх газар болсон энэхүү тэмцээнд Монгол орны 21 аймаг, нийслэл хотоос хуран чуулсан 200 гаруй харваачид оролцож, цэц мэргэнээ сорьжээ.

Тэмцээний нээлтийн үеэр Ерөө сумын Засаг дарга Б.Сэргэлэн:”Монголын үндэсний сур харвах наадмын нэгэн төрөл болсон мөсний сурын харвааг нийтэд сурталчлах, хөгжүүлэх. Мөн түүний ёс жаягийг таниулах, уламжлалаа сэргээх, харваачдын ур чадварыг улам бүр сайжруулах. Цаашлаад иргэдийг энэхүү спортоор хичээллэх сонирхолыг төрүүлэх зорилгоор энэ тэмцээнийг сумандаа зохион байгуулж байна” хэмээн хэллээ.


Уг тэмцээний үеэр спортын мастер 14, спортын дэд мастер 5 шинээр төрөн гарсан байна.


Ингээд тэмцээний багийн харваанд тэргүүн байрт Төв аймгийн Мөсөн сурын спортын мастер, аймгийн мэргэн Ж.Насанбат ахлагчтай баг, дэд байрт Хөвсгөл аймгийн Спортын мастер, аймгийн хошой мэргэн Ч.Дагвадорж ахлагчтай “Мөнгөн сум” баг, гутгаар байрт Спортын мастер, аймгийн мэргэн Б.Ганбаатар ахлагчтай Дархан уул аймгийн “Дархан цэц” баг тус тус шалгарчээ.


Мөн тэмцээний цуваа харвааны төрөлд ахмадуудаас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул, Үндэсний сурын Монгол Улсын мэргэн, Мөсөн сурын спортын мастер Б.Батбаатар түрүүлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд спорт клубын “Магнай трейд” ХХК-ийн харваач, спортын дэд мастер Ш.Даваасүрэн, Булган аймгийн Бүрэгхангай сум,  Булган сумын харваачдын холбооны харваач, Мөсөн сурын спортын мастер М.Болд нар удаалжээ.


Мөн цуваа харвааны төрөлд Говь-Алтай аймгийн Шарга сумын харъяат,  “Есөн цагаан” ХХК, “Чандмань” багийн харваач, спортын дэд мастер Ж.Мөнх-Эрдэнэ түрүүлж, Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, Төв аймгийн “Эрхэт гурван түрүү” ХХК-ийн харваач, спортын мастер Д.Бат-Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харъяат, “Болд Төмөр Ерөө Гол” ХХК, "Хан Буурагчингийн Мэргэд" харваачдын холбооны харваач Х.Батдорж нар удаалжээ.

Энэхүү тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон аж.


Дээрх үйл ажиллагааг Ерөө сумын ЗДТГ, Монголын мөсөн сурын холбоо, Ерөө сумын “Хан буурагчингийн мэргэд" харваачдын холбоо, “Түмэн сарлагтан”, “Өгөөж хараа” компаниуд хамтран зохион байгуулжээ. 

Холбоотой мэдээ