БАЯН-ӨЛГИЙ: Өлгий, Дэлүүн сумыг бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрт хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-02-01 11:44:13

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран "Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхээр болж байна.


Тус хөтөлбөрт нийт 15 аймгийн төв болон 34 сумын төвийг хамруулахаар сонгожээ. Төслийн ажил баруун бүсийн Увс, Ховд, Баян-Өлгий аймгаас эхэлнэ.  Үүнд Баян-Өлгий аймгийн Өлгий, Дэлүүн сумыг хамруулахаар болсон байна.  

Энэ хүрээнд Өлгий хотын 5, 13 дугаар баг, Дэлүүн сумын төвийг дахин төлөвлөх, айл өрхүүдийг цэвэр, бохир ус, дулааны шугам, харилцаа холбооны сүлжээнд холбох, зам тавих, цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулах, гудамж талбайг тохижуулах, агро-паркийн байгууламж барих, ард иргэдтэй тохиролцсоны үндсэнд газар чөлөөлж орон сууц барих зэрэг ажлыг Уур амьсгалын ногоон сан, Европын хөрөнгө оруулалтын банкны хамтын санхүүжилтээр хэрэгжүүлнэ.


Дээрх хөтөлбөр хэрэгжсэнээр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 6 хөгжлийн тулгуурын нэг болох “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжиж, эдийн засаг, нийгмийн хувьд өрсөлдөх чадвартай аймаг, сумын төв бий болно гэж үзэж байна. Мөн Монгол Улсын хөгжлийг аймгийн төвүүд рүү чиглүүлэх, хотоос хөдөө рүү шилжин явах хөдөлгөөнийг дэмжих ба байгаль орчны эерэг үр нөлөөллийн хувьд тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, бэлчээрийн менежментийг сайжруулах чухал ач холбогдолтой ажээ. 

Холбоотой мэдээ