СЭЛЭНГЭ: Аймгуудын өрсөлдөх чадварыг ДНБ-ий хэмжээ, ажилгүйдлийн түвшин төдийгөөр хэмжин харьцуулах боломжгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-02-03 07:31:32

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Монгол Улсын 21 аймгийн өрсөлдөх чадварын 2022 оны тайланг танилцуулахад Сэлэнгэ аймаг 6 дугаарт эрэмбэлэгджээ.  


Сэлэнгэ аймгийн тухайд Хөдөлмөрийн зах зээл бүтээмж, Боловсрол соёл тус бүр 1, Эдийн засаг 5, Эдийн засгийн салбарууд 6, Менежментийн хэвшил, Санхүү тус бүр 7, Институцийн тогтолцоо 8, Аймгийн төсөв 9, Бизнесийн эрхзүй 10,  Хөдөлмөр эрхлэлт 11, технологийн дэд бүтэц, Бизнесийн орчин тус бүр 12, Хүн амын амьжиргааны түвшин, Үндсэн дэд бүтэц 13, Эрүүл мэнд хүрээлэн буй орчин 16, Нийгмийн тогтолцоо 19-д эрэмбэлэгдэж нийт оноогоор 6 дугаарт оржээ.


Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг 2012 оноос эхлэн гаргаж байгаа бөгөөд тус онд Сэлэнгэ аймаг 5 дугаарт эрэмбэлэгдэж байсан байна.


Энэхүү судалгаа нь хот, хөдөөгийн ялгаа, тэгш бус байдлыг арилгах асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, бодлого боловсруулагчдыг судалгааны бодитой мэдээллээр хангах. Цаашлаад аймгуудын өрсөлдөх чадварыг сайжруулахад хувь нэмрээ оруулдаг аж.


Аймгуудын өрсөлдөх чадварыг хооронд нь харьцуулж, өрсөлдөх чадварын чиг хандлагыг тодорхойлохоос гадна тухайн аймгийн өрсөлдөх чадварыг хойш татаж буй эсвэл дээшлүүлж буй үзүүлэлтүүдийг тогтоож, өрсөлдөх чадварын давуу, сул талыг үнэлэх боломж олгож буй нь энэхүү судалгааны давуу тал юм.


Аймгуудын өрсөлдөх чадварыг зөвхөн ДНБ-ий хэмжээ, ажилгүйдлийн түвшин төдийгөөр хэмжин харьцуулах боломжгүй аж. Иймээс тухайн аймгийн бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа, иргэдийн амьжиргаанд эдийн засаг, улс төр, нийгмийн болон соёлын гэх мэт олон хүчин зүйл нөлөөлж байдаг аж.


Энэхүү судалгааны хүрээнд аймгуудын өрсөлдөх чадварыг үнэлэхдээ Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн үр ашиг, Дэд бүтэц гэсэн үндсэн 4 бүлэгт багтах 180 шалгуур үзүүлэлтийг ашиглажээ.

Холбоотой мэдээ