Украин улс энэ жил 49.5 сая тонн үр тариа хураан авна гэж таамаглаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-02-02 16:26:34

КИЕВ. /Xinhua/. Украин улс энэ онд 49.5 сая орчим тонн үр тариа хураан авах төлөвтэй байна гэж "Интерфакс-Украин" агентлаг тус улсын Эдийн засгийн хөгжлийн яамны таамаглалаас эш татан мэдээлжээ.


Энэ нь Украины үр тарианы дотоодын хэрэгцээг бүрэн хангана гэж тус улсын Эдийн засгийн тэргүүн дэд сайд Денис Кудин  ургац хураалтын талаарх урьдчилсан таамагт тайлбар өгөхдөө мэдэгдсэн байна. 


Түүний хэлснээр, одоогийн байдлаар Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг хязгаарлах шаардлагагүй гэж үзэж байгаа аж.


Нэгдүгээр сарын 27-ны байдлаар тус улсын тариаланчид 2022 онд тариалсан нийт талбайн 96 хувь буюу 52.6 сая тонн үр тариа, буурцагт ургамал хураан авсан байна.


Украин улс нь олон жилийн туршид улаан буудай, эрдэнэ шиш, наран цэцгийн тосны гол үйлдвэрлэгч байсаар ирсэн бөгөөд одоо ч хэвээр байгаа юм. 2021 онд тус улсын үр тариа, буурцагт ургамлын ургац өмнөх оныхоос 28.5 хувиар өсөж, 84 сая тонн хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болжээ. 


2022 оны долоодугаар сарын 1-нээс 2023 оны нэгдүгээр сарын 30-ны хооронд Украин улс 26.3 сая тонн үр тариа экспортолсон нь өмнөх жилийн мөн үеийнхээс 30.8 хувиар буурсан байна.


Холбоотой мэдээ