Халх голд хөрсөн дээр 71 хэм хүрч халсан бол Отгон суманд -50 хэм хүрч хүйтэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-02-03 10:53:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Агаарын үнэмлэхүй их температур 2022 онд Баянхонгорын Эхийн голд агаарт 40, Дорнодын Халх голд хөрсөн дээр 71 хэм хүрч халсан бол үнэмлэхүй бага утга Завханы Баян-Уул суманд агаарт -46.8, Отгон суманд хөрсөн дээр -50 хэм хүрч хүйтэрчээ.


Нэг хоногт хамгийн ихдээ Хэнтий аймгийн Биндэр суманд 6 дугаар сарын 4-нд 61.9 мм тунадас орсон байна. Даралтын үнэмлэхүй их утга Сэлэнгийн Сүхбаатарт 965.1 гПА, бага утга Баянхонгорын Баянбулагт 756.8 гПа, салхины хурдны үнэмлэхүй их утга Төв аймгийн Баянчандмань суманд 40 м/с хүрсэн байна.


Монгол орноор дунджилсан 2022 оны жилийн дундаж агаарын температур 0.8 хэм буюу уур амьсгалын өөрчлөлт харьцангуй сул илэрч байсан 1961-1990 оны дунджаас 1.43 хэмээр дулаан, 1940 оноос хойш ажиглагдсан 16 дахь дулаан жил болжээ. Мөн өнгөрсөн оны жилийн нийлбэр хур тунадас 200.6 мм буюу 1940 оноос хойш тохиолдсон хур тунадас багатай 19 дэх жил байсныг Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.


Жилийн нийлбэр хур тунадас Хөвсгөлийн өндөр уулс, Хэнтий, Хангайн нуруу, Онон Балж голын ай сав орчим, Хөвсгөлийн Тариалан, Хэнтийн Биндэр, Дорнодын Баян-Уул сумын нутгаар 390-517.8 мм, тал хээр, говийн бүс нутгаар 100.0-192.8 мм, Алтайн өвөр говь Тоорой, Эхийн гол орчмоор 10.0-21.6 мм орсон байна. Сүүлийн 5 жилийн сар бүрийн нийлбэр хур тунадасны ОЖД-аас хазайх хазайлтын утгыг харьцуулахад өнгөрсөн оны 2, 4, 5, 8, 9 дүгээр сард дунджаас 10-40 хувиар бага 3, 6, 7, 10, 11 дүгээр сард дунджийн орчим, 1, 12 дугаар сард 10-40 хувиар ахиу тунадас орсон аж.


Холбоотой мэдээ