ДАРХАН-УУЛ: Аймгууд хөгжлийн шийдэл, алсын зорилгоо олон нийтэд нээлттэй тайлбарлах шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-02-03 17:34:27

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Нийслэл хотын хүн амын төвлөрлийг багасгах зорилгоор Засгийн газраас тодорхой ажлуудыг төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд “Орон нутагт шилжин суурьших боломж” бүсийн хэлэлцүүлгийг хоёрдугаар сарын 2-нд Дархан хотод зохион байгууллаа.


Иргэд, ААНБ-уудыг орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах нөхцөлөөр хангахад орон нутаг хэрхэн, юунд анхаарах талаар Батлан хамгаалахын дэд сайд, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшиж иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих үүрэг бүхий ажлын багийн дарга Б.Баярмагнайгаас тодруулахад:

-Орон нутагт хөгжлийг бий болгох хамгийн чухал зүйл бол аймаг бүр өөрийн онцлогт тохирсон үйл ажиллагаагаа идэвхтэй явуулах зайлшгүй шаардлагатай байна. Тухайлбал, иргэн, аж ахуйн нэгжид сонголт, боломж хоёрыг зэрэг олгох алхмыг эхлүүлэх ёстой. Ингэж байж орон нутаг руу хөдөлгөөн хийх бололцоотой болно. Сүүлийн арваад жилд Улаанбаатар хотод шилжин ирсэн иргэдийн 10 орчим хувь нь /олон улсын судалгааны байгууллагын санал асуулгаар/ нутаг руугаа буцаж нүүхэд бэлэн байна гэсэн хариулт өгчээ. Үүнтэй холбогдуулан буцаад нүүхэд нь ямар дэмжлэгийг төр засаг, орон нутаг үзүүлэх ёстой юм. Орон сууцны хөнгөлөлт, газар эзэмших, өмчлөх, ажлын байр, амьдралын чанар нь хэрхэн сайжрах юм гэдэг дээр орон нутгийн шийдвэр гаргачидтай Засгийн газрын зүгээс ярилцаж байна гэв.


Мөн аймаг бүрд өөр өөрийн нөөцөд тулгуурласан маш олон боломж бий. Нутаг орны онцлогт тохирсон шийдлүүд гаргах хэрэгтэй. Жишээ нь Дархан хот Улаанбаатар хотоос дутахааргүй дэд бүтэц хөгжсөн, ажлын байр шинээр бий болгох боломжууд олон байна. Цаашид аймаг бүр хөгжлийнхөө концепцийг олон нийтэд ойлгуулдаг, ААНБ-уудад нээлттэй мэдээлэх тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн чиглэлийг барьж байна.


Улаанбаатар хотод амьдарч буй иргэдийг шууд нүү гэж хэлэхээс илүү орон нутагт ямар боломж байна, түүнийгээ аймгууд нээлттэй мэдээлж ажиллах шаардлагатай байна. Тэрхүү нээлттэй мэдээллээс иргэд, ААНБ аль аймагт шилжин суурьшихаа сонгох ёстой.


Монгол Улсын Засгийн газраас орон нутгийн удирдлагуудтай энэ талаар зөвшилцөж, ярилцахын зэрэгцээ мэдээллийг маш ойлгомжтой нээлттэй байлгах тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болгосон. Жишээ нь өөрсдийнхөө боломжийг маш сайн ашигла. Тэрхүү боломжоо ашиглаж хөгжлийг хурдасгаж, хүн амын зөв зохистой төвлөрлийг бий болгож байгаа аймгийг Засгийн газраас бүхий л талаар дэмжиж, хөрөнгө санхүү болон бодлогын түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн гэж Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшиж иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих үүрэг бүхий ажлын багийн дарга Б.Баярмагнай онцлов.

Тиймээс орон нутгийн удирдлагууд иргэдээ сайхан амьдруулна гээд итгэлийг олж сонгогдсон бол одоо тэр ажлаа хийх хэрэгтэй. Ингэхдээ Засгийн газартай маш сайн хамтарч ажиллах, Улаанбаатар хот руу шилжих хөдөлгөөнийг саармагжуулж, тэдгээрийг аймаг руугаа татах ажлыг хийх ёстойг ч дурдлаа.

Холбоотой мэдээ