АРХАНГАЙ: “Итгэлтэй утас”-ыг байрлуулж, ухаалаг утаснаас татгалзахыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-02-10 08:33:43

Архангай /МОНЦАМЭ/. Монголын Цахилгаан холбоо ХК-ийн Архангай дахь салбараас Эрдэнэбулган сумын 1, 3-р сургууль дээр "Итгэлтэй утас"-ыг байрлууллаа.


Энэ утас нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хичээл сургалтын үед ухаалаг утаснаас татгалзах, шаардлагатай тохиолдолд хүссэн үедээ эцэг эхтэйгээ бүх сүлжээнд үнэгүй ярих боломжтой. Эцэг эхчүүд ч хүүхдүүдтэйгээ 70803301, 70803311 дугаараар холбогдох боломжтой юм. 


Нэгдүгээр сургууль хичээлийн хоёр байранд тус тусад нь итгэлтэй утас байрлуулжээ. 


"Итгэлтэй утас" байрлуулсан учраас эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдэдээ хичээл, сургалтын үед ухаалаг утасгүй явуулж байхыг уриалж, “Сургуулийн орчинд утасгүй хичээлийг зохион байгуулъя” уриалгыг гаргалаа.


Багш, сурган хүмүүжүүлэгчдийн судалгаагаар сурагчдын дийлэнх буюу 90 орчим хувь нь ухаалаг утсыг зүй зохисгүй хэрэглэж, хичээл сургалтын үед багш, сурагчдын хоорондын зөрчил үүсэх, сургалт хүмүүжлийн ажил үр дүнгүй явагдах, сөрөг комент, элдэв чат группүүдээр харилцсанаас үүдэн үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын шалтгаан нөхцөлийг үүсгэж байна гэжээ.

Холбоотой мэдээ