ОРХОН: Төгсөх ангийн сурагчдад зориулж "Тэтгэлэгт хүрэх зам" өдөрлөг хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-02-27 12:04:28
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулж “Тэтгэлэгт хүрэх зам” өдөрлөг боллоо. Өдөрлөгийг УИХ-ын гишүүн Д.Батлутын дэмжлэгтэйгээр “Тэтгэлэг” аппликейшний залуучууд зохион байгуулав.

Энэ жил Орхон аймагт 12 дугаар анги төгсөж буй 1126 сурагч бий. Тэдэнд хоёр өдрийн турш гадаад, дотоодын их, дээд сургуульд тэтгэлэгт хэрхэн хамрагдах боломжийн талаар “Тэтгэлэг” аппликейшний үүсгэн байгуулагч, санаачлагч залуучууд өөрсдийн туршлагаасаа хуваалцсан юм.

Үүсгэн байгуулагч Б.Батзаяа “Боломж хэнд ирдэг вэ?” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр, “Боломж өөрийгөө бэлдсэн, хичээсэн хүнд ирдэг. Иймд нэг өдрийн цаг хугацаагаа хэнд, юунд зарцуулж байгаагаас боломж бий болдог. Тиймээс залуучууд та бүхэн боломжийг угтаж авахын тулд яг өнөөдрөөс өөрийгөө бэлдээрэй”  гэсэн юм.

Тус аппликейшний редактор С.Отгонбаян Засгийн газрын тэтгэлэгт гадаад хэлний оноотой болон оноогүй тохиолдолд хэрхэн өрсөлдөх талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, “Залуучууд хэлний мэдлэгээсээ шалтгаалж Засгийн газрын тэтгэлэгт хамрагдахад хэцүү гэсэн ойлголттой байдаг. Хэрэв тэтгэлгийн ерөнхий шаардлагыг эрт мэдэж бэлдэж чадвал үр дүнтэйгээс гадна бусад тэтгэлэгтэй харьцуулахад олон боломж, давуу тал үүсдэг. Мөн хэлний мэдлэг шаардахгүй  тэтгэлгүүдийг давхар судалж хэд, хэдэн тэтгэлэгт материалаа бүрдүүлж өгөх хэрэгтэй” гэсэн зөвлөгөө өглөө.

Minnesotа их сургуулийн төгсөгч Х.Цогтбилгүүндарь “Би хааяа муу байж болох уу” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр, “Залуучууд та бүхэн юуны өмнө асууж сурах хэрэгтэй. Монгол хүүхдүүд багшаасаа, захирлаасаа асуулт асуух нь цөөн байдаг. Энэ нь өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаггүйг анхаарах хэрэгтэй. Мөн өөрчлөлтөөс үүдэлтэй сэтгэл хямрал хүн бүрд бий болдог учир түүнийг давахад анхаарлаа төвлөрүүлж сурах хэрэгтэй” гэсэн зөвлөгөө өгсөн юм.

Гадаадад магистр, докторын тэтгэлэгт хэрхэн хамрагдах талаар хүний их эмч, доктор Н.Лхаасүрэн хэлэхдээ, “Хүн алдахгүйгээр урагшлах боломжгүй юм. Иймд алдаа гаргахаасаа бүү ай. Алдсан ч бас бүү ухар. Алдааны сайн тал өөрийгөө мэдэх том боломж юм. Тиймээс хүүхэд, залуучууд та бүхэн алдахаас айлгүйгээр өөрийгөө тасралтгүй хөгжүүлж зорилгодоо хүрээрэй” гэсэн юм.


 

Холбоотой мэдээ