ТӨВ: Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 10.5 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-02-20 13:34:02

Төв /МОНЦАМЭ/ 2023 оны нэгдүгээр сарын эхний долоо хоногийн байдлаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өмнөх онтой харьцуулахад улсын хэмжээнд 12.3 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.

Харин Төв аймгийн хувьд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 10.5 хувиар өссөн байна. Сар шинийн баяртай холбогдуулан  хүнсний ногоо, махны үнэ өсжээ.  

Өмнөх сарын бараа бүтээгдэхүүний үнэтэй энэ сарын үнийг харьцуулан үзэхэд мах 7000-12000 төгрөг байсан бол энэ сард 7500-12000 болсон байна. Савлагаатай сүү 4700-4800 төгрөгийн хооронд 100 төгрөгийн нэмэгдэлтэй, хүнсний ногоо 1400-2700 төгрөгийн хооронд 200 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байгаа талаар аймгийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас мэдээллээ. 

Хонины ястай мах 8000, үхрийн мах 12000, ямааны мах 7500, адууны мах 9000 төгрөгөөр тус тус худалдаалж байна.

Төв аймгийн хувьд 27 сумтай тул сүү, цагаан идээний төрөл ангилал арвин байгааг албаныхан хэлсэн юм.

Аймгийн хэмжээнд өрөм 10000-15000, шар тос 30000, хэвийн ааруул 35000 төгрөг, хорхой ааруул 30000 төгрөг, Монгол архи 6000, аарц 5000-6000 төгрөг байгаа бол ууцны хонь дунджаар 220000-300000 төгрөгөөр, хэвийн боов төрөл зүйлээсээ хамааран 20 ширхэг нь 100000-170.000 төгрөгийн хооронд борлуулж байна.


Иргэн С.Алтанхундага

Сүүлийн хоёр жил сар шинийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлээгүй болохоор энэ жил шинэлгээ өргөн болох байх гэж бэлтгэлээ хийж байгаа. Уламжлалт баяраараа нэг нэгнийхээ амар мэндийг мэдэх боломжтой болдог сайхан баяр хэдий ч энэ их үнийн хөөрөгдөлтэй байгаа цаг үед санхүүгийн хувьд их л хүндрэл учруулж байна. Баярын төсөв дунджаар өмнөх жилүүдэд нэг сая хүртэлх төгрөг байдаг байсан бол энэ жил 2 сая гаруй төгрөгөөр бэлтгэлээ. Намайг бага залуу байх үед хэвийн боов, цагаан идээг сонинд боож гар цайлгаж гаргадаг, ахмад хүмүүстэй хадгаа дэлгэн золгож амар мэндийг нь мэддэг сайхан баяр байсан юм. Өнөө цагт харин гар цайлгах бэлэг, золголтын мөнгө, олон төрөл зүйлийн амттан бэлтгэх гээд их л өөр болсон. Энэ жилийн хувьд нэг сая төгрөг л золголт, гарын бэлэгт зарцуулж байна. Урьд жилүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ 500.000-700.000 төгрөгийн хооронд хангалттай худалдан авдаг байсан ч энэ жил нэг сая гаруй төгрөгөөр худалдан авсан. Сард 600.000 төгрөгийн орлоготой айлд үнийн өсөлт хүндхэн л тусч байна.

 

Иргэн Б. Анхдаваа  

 Манайх гэдэг айл энэ жил өрх тусгаарласан залуу хосууд. Энэ жилдээ цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэхгүй гэж бодож байсан хэдий ч гэр бүл, ойр дотны хүмүүс манайхаар зочлохоо илэрхийлсэн. Иймд сар шинийн баяртаа өрхийн тэргүүний хувиар анх удаа бэлтгэж байна. Эцэг эхийнхээ гэрт байдаг үедээ үнийн өсөлт, сар шинэдээ юу бэлтгэдэг талаар ямар ч мэдэгдэхүүнгүй байсан байна. Залуу хосууд учраас хэвийн боов 10 ширхэгийг авч 3 үеэр тавгаа засахаар төлөвлөсөн. Мах шүүс тавихгүй ч гэсэн буузаа бэлтгэж, гэр бүлийнхээ хүмүүст гарын бэлэг бэлдсэн байгаа. Цаашлаад тавгийн чихэр, ааруул, еэвэн, хачир, ундаа, ус гээд бэлтгэх зүйл олон байдаг юм байна.

Мөн гэрийнхээ ихэнх тавилгыг шинэчилж, засвар үйлчилгээ хийсэн учраас сарын нэг сая таван зуун мянган төгрөгийн орлоготой эхнэр бид хоёрт дараа дараагийн удаа төсвөө маш сайн тооцоолох хэрэгтэйг сануулсан туршлага боллоо. Сар шинийн бэлтгэл гэдэг нөр их хөдөлмөр, санхүү шаарддаг ажил байна гэдгийг ойлгосон. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөлттэй байгаа гэдгийг сар шинийн баяртаа бэлтгэх явцдаа л мэдэж авлаа.

 

 

Холбоотой мэдээ