Сар шинийн баярыг тохиолдуулан “Агийн улаан хаан” баатарлаг туулийг хайллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-02-24 15:13:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай 2019 оны зарлигийн дагуу жил бүрийн Цагаан сарын баярыг тохиолдуулан хаврын тэргүүн сарын шинийн гуравны өдөр болон Монгол бахархлын өдрийг тохиолдуулан өвлийн тэргүүн сарын шинийн гуравны өдөр Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөнд баатарлаг туульс хайлдаг уламжлалтай.


ХVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан “Агийн улаан хаан” баатарлаг туулийг хайлах ёслол энэ сарын 23-нд “Чингис хаан” музейд боллоо. Энэхүү туулийг өөрийн өвөг дээдсээс өвлөн уламжилсан туульч Ч.Эрдэнэбаатар хайлав.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар баатарлаг тууль хайлах ёслолыг “Чингис хаан” музейн Хүндэтгэлийн танхимд олон нийтэд нээлттэй хэлбэрээр хоёр дахь удаагаа зохион байгуулсан нь энэ юм. Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан “Бужин Даваа хаан” баатарлаг тууль хайлсан билээ.


Энэ удаагийн тууль хайлах ёслолд Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир оролцож, монгол баатарлаг туульсынхаа агуулга, ач холбогдлыг таньж ойлгох, дэмжин дэлгэрүүлэх, өв соёлоо хүндэтгэн дээдлэх, хадгалах, уламжлуулан хамгаалах үйлсэд идэвх санаачилгатай оролцож, ёслолыг хамтран зохион байгуулж байгаа “Чингис хаан” музейн удирдлага, хамт олонд болон хүрэлцэн ирсэн хүмүүст гүн талархал илэрхийлэв. 

Холбоотой мэдээ