Барьцаалан зээлдүүлэх этгээдээс санхүүгийн үйлчилгээ авахдаа бүртгэлтэй эсэхийг шалгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-03-02 08:23:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, дээрх үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхлэх иргэнийг бүртгэх, хяналт тавих хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ.

Тодруулбал, УИХ-аар баталсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь аймагт 100 сая төгрөг, түүнээс дээш, нийслэлд 300 сая төгрөг, түүнээс дээш тохиолдолд СЗХ-нд, бусад тохиолдолд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь аймаг, нийслэлийн Засаг даргад өргөдөл гаргаж бүртгүүлэхээр зохицуулж эхэллээ.


Харин энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх газар энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дотор харьяалах бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр заажээ. Мөн хуулиар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх иргэний:

  • мөнгөн хөрөнгийн хэмжээ, хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 10 сая төгрөг, түүнээс багагүй байх,
  • гүйцэтгэх удирдлага, менежер, холбогдох ажилтан нь сургалтад хамрагдсан байх,
  • мөнгөн зээлийн үйл ажиллагаанд зориулсан банкны харилцах данстай байх,
  • татвар төлөгчөөр бүртгүүлэн, татварын нэгдсэн системд холбогдсон кассын машин, хэвлэх төхөөрөмжтэй байх,
  • барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх бол тухайн үйл ажиллагаанд тавих шаардлага, стандартыг хангасан ажлын байртай байх,
  • цахим бүртгэлтэй, цахим мэдээллийн санд холбогдсон байх зэрэг шаардлагыг тодорхойлоод байна.


Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд зааснаар бүртгэлд бүртгүүлээгүй этгээд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх, эсхүл мөнгөн зээлийн ажиллагааны талаар зар сурталчилгаа хийхийг хоригложээ.


Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь Мөнгөн ззээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс тогтоосон зээлийн хүүгийн дээд хэмжээнд хүү тогтооно. Мөн зээлийн хүүгийн хэмжээг бодох, аргачлалыг баримтлан ажиллах, алдагдсан эд зүйлсийн талаарх мэдээллийг агуулсан цахим мэдээллийн санд холбогдон мэдээллийн санд бүртгэсэн эд зүйлсийг барьцаанд авахгүй байх, сэжиг бүхий эд зүйлсийн талаар цагдаагийн байгууллагад даруй мэдэгддэг байх юм.


Мөн зээлдэгчид барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг хүргүүлэх, мэдэгдсэнээс хойш 14 хоногийн хугацаа олгох, барьцаалуулагч шаардсан бол барьцааны зүйлийг худалдахын өмнө түүний үнэлгээг шинжээчээр тогтоолгох, барьцааны зүйлийг худалдан борлуулж, уг орлогоос барьцааны шаардлагыг хангаж үлдсэн хэсгийг барьцаалуулагчид олгох зэрэг мөнгөн зээлийн үйл ажиллагаатай холбоотой нарийвчилсан зохицуулалтыг тусгасан.


Хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн иргэдийн хувьд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээс санхүүгийн үйлчилгээ авахдаа аймаг, нийслэлийн Засаг дарга эсхүл СЗХ-нд бүртгэлтэй эсэхийг шалгаж, зээлийн хугацаа, хүү, үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж үйлчилгээ авах, харьяалах бүртгэх байгууллагад бүртгэлгүй иргэн, хуулийн этгээдээс санхүүгийн үйлчилгээ авахгүй байх нь аливаа үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ. 

Холбоотой мэдээ