АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден арьсны хорт хавдрын мэс засал хийлгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-03-04 14:23:10

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден арьсны хорт хавдар авах мэс засал хийлгэсэн тухай Цагаан ордны эмч Кевин О'Коннор мэдээлжээ.


Ж.Байдены цээжний арьснаас илрүүлсэн бүх гэмтсэн эсийг хоёрдугаар сарын 16-нд Вашингтон хот дахь Уолтер Ридийн нэрэмжит Үндэсний цэргийн эрүүл мэндийн төвд авсан байна. 


"Өдгөө 80 настай Ерөнхийлөгч цаашид эмчилгээ хийх шаардлагагүй бөгөөд мэс заслын дараах эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, эрүүл саруул, "ажил үүргээ гүйцэтгэх боломжтой" болох нь эмчийн дүгнэлтээр тогтоогдсон" гэж Цагаан ордны мэдэгдэлд дурджээ. 


Цагаан ордны эмч О`Коннорын мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгчид илэрсэн хорт хавдрын төрөл нь суурь эсийн хавдар аж. Хорт хавдрын бусад төрлөөсөө ялгаатай нь энэ нь үсэрхийлдэггүй байна.


Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийнх нь мэдээллээс үзэхэд АНУ-д хамгийн түгээмэл тохиолддог арьсны хорт хавдрын хоёр хэлбэр нь суурь болон хучуур эсийн хорт хавдар байна.


Арьсны хорт хавдрын сангийн мэдээллээр, АНУ-д жил бүр 3.6 сая хүнд суурь эсийн хорт хавдар оношлогддог бөгөөд бүх хорт хавдрын хамгийн түгээмэл хэлбэр нь ажээ. Гэхдээ эрт үед нь эмчилгээ хийлгэж эхэлбэл маш сайн эмчлэгддэг байна.

Ийм хавдрыг 1930-аад онд Фредерик Мохсын боловсруулсан аргын дагуу бичил мэс заслын аргаар (өөрөөр хэлбэл микроскоп ашиглан) авдаг аж. 


Ж.Байдены гэргий, АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден мөн арьсны гурван ургацаг авхуулсан нь өнгөрсөн нэгдүгээр сард мэдэгдсэн бөгөөд хоёр нь суурь эсийн хавдар байсан нь эсийн шинжилгээгээр тогтоогджээ.  


Өмнө нь Ж.Байденд мөн хэд хэдэн удаа арьсны хавдар илэрч байсан ч меланома буюу арьсны хорт хавдрын хамгийн аюултай хэлбэр биш байсан байна. 

Холбоотой мэдээ