Хөрөнгө оруулагчдад зориулсан “Монголын өдөр” Торонто хотноо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-07 08:05:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт 2023” Канадын Торонто хотноо энэ сарын 5-8-нд болж байна.


Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-оос 91 дэх жилдээ зохион байгуулж буй чуулга уулзалтад Монгол Улс 2006 оноос хойш 17 дахь жилдээ оролцож байна. Чуулганаар гадаадын хөрөнгө оруулагчдад Монголын уул уурхайн салбарын талаар цогц мэдээлэл өгөх, салбарын сайдууд, бусад оролцогч талтай санал солилцох, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах боломжийг эрэлхийлэх, хөрөнгө оруулагчид болон салбарын мэргэжилтнүүдтэй хамтын ажиллагааны талаар санал солилцох уулзалтууд зохион байгуулж байна. Мөн манай улс үзэсгэлэн гаргаж, өөрийн орны ашигт малтмалын хэтийн төлөв, салбарын дэд бүтэц, хууль эрх зүйн орчны шинэчлэл, цаашид баримтлах бодлогыг танилцуулсан юм. 


Түүнчлэн, УУХҮЯ, Монголын уул уурхайн Үндэсний ассоциаци хамтран тус чуулганд оролцогч, хөрөнгө оруулагчдад зориулан “Монголын өдөр” үйл ажиллагааг зохион байгуулжээ. Үүнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Монгол Улсын ашигт малтмалын нөөц бололцоо, салбарын бодлогын шинэчлэлийн талаар илтгэл тавьж, уул уурхайн томоохон компанийн төлөөллүүд төслүүдээ танилцуулж, хөрөнгө оруулагчдад хамтран ажиллах саналаа танилцуулав. 


Энэ удаагийн PDAC 2023 үйл ажиллагаагаар манай улс, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчин өдрөөс өдөрт таатай болж өөрчлөгдөж байгаа, хариуцлагатай уул уурхайг бүх талаар дэмжиж, найдвартай, тогтвортой түншлэгч байх, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг төсөл хэрэгжүүлэгч болон нутгийн иргэдэд харилцан үр ашигтай хүргэх, ойлголцол дээр тулгуурлан хамтран ажиллах боломжтойг хөрөнгө оруулагчдад хүргэснийг УУХҮЯ мэдээлэв. 





Холбоотой мэдээ