Япон Улсын Засгийн газрын тусламжаар ХУД-ийн 60 дугаар сургуулийг засна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-03-07 15:00:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 60 дугаар сургуулийн засварын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр боллоо.

Энэхүү төслийн гэрээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар гарын үсэг зурав.


Төслийн хүрээнд тус сургуулийн засварын ажил хийх юм.  


Тус сургуулийн хичээлийн байр олон жилийн эдэлгээний явцад модон шал нь гажиж, зай завсар гарч, ариун цэврийн өрөө хуучирч муудсаны улмаас суултуур эвдэрч, цэвэр бохир усны шугамаас ус алдаж, хуучирч муудсан, угаалтуур болон суултуур эвдэрсэн зэрэг асуудал тулгарч байгаа аж. Энэ удаагийн төслийг хэрэгжүүлснээр тус сургуулийн 1318 сурагч, 116 багш, ажилтны эрүүл, аюулгүй орчинд суралцах боломж бүрдэнэ гэдэгт найдаж буйгаа Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши илэрхийлэв.

Хан-Уул дүүргийн 60 дугаар сургуулийн захирал Д.Ариунаа хэлэхдээ, “Манай сургууль 1974 онд анх ашиглалтад орж байсан. 2024 онд 50 жил болно. Ашиглалтад орж байснаас хойш нэг ч удаа их засвар хийж байгаагүй. Төслийг амжилттай хэргжүүлж багш, сурагч, ажилчдын ажиллах орчинг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна. 430 сая төгрөгийн өртөг бүхий төслийн хүрээнд шалны засвар, сантехник, ариун цэврийн өрөөний засвар хийнэ. Ингэснээр сургалтын орчин сайжирна. Японы ард түмэн, Японы ЭСЯ, “Өвсний үндэс" хөтөлбөрийн хамт олонд сургагч, эцэг эхчүүд, монголчуудынхаа өмнөөс халуун талархал идлэрхийлье” гэв.


Манай сургууль Япон Улсын Засгийн газрын "Өвсний үндэс" буцалтгүй тусламжийн хөтөлбөрт хоёр дахь удаагаа хамрагдаж байна. Эхнийх нь 2003 онд буюу 20 жилийн өмнө сургуулийн дээврийн засварыг хийж байсан бол өнөөдөр 800 сая орчим төгрөгийн өртөг бүхий сантехник, цэвэр бохир ус, цахилгаан монтаж гэсэн засвар хийх юм. Япон Улсын Засгийн газар, ард түмний буцалтгүй тусламжаар энэхүү төслийг хэрэгжүүлэх гэж буйд сургуулийнхаа нийт багш, хамт олны өмнөөс талархал илэрхийлье.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өдийг хүртэл 33 жилийн турш “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн төсөл нь "Өвсний үндэс" буцалтгүй тусламжийн 591 дэхХан-Уул дүүрэгт хэрэгжүүлэх 13 дахь төсөл болж байгаа юм.

Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 119.711 ам.доллар буюу 405.717.354 орчим төгрөг юм.

“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газруудад голлох үүрэг гүйцэтгэдэг.




Холбоотой мэдээ