БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн музей Түүх, археологийн хүрээлэнтэй хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-03-09 14:04:48

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Орон нутаг судлах музейн хамт олон энэ өдрүүдэд Улаанбаатар хотод туршлага судалж байна.


Тус ажил нь ажилчдын ур чадварыг дээшлүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг орон нутгийн музейд нэвтрүүлэх судалгаа хийх зорилготой аж.


Захирал А.Айшагүлээр ахлуулсан музейн хамт олон энэ сарын 6-ны өдөр Монголын үндэсний музейд ажиллаж, сургалтад суулаа. Сургалтын үеэр тус музейн Арга зүйн албаны дарга, доктор Д.Мөнхтогоо “Музейн үзэл баримтлалыг боловсруулах”, арга зүйч М.Мөнгөнцэцэг “Музейг тайлбарлах арга зүй”, арга зүйч Г.Уугантуяа “Музейгээс олон нийтийн боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх”, “Музейн аюулгүй байдал, эрсдэлийн үнэлгээ хийлгэх, сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт, музейн үйлчилгээ” сэдвээр тус тус мэдээлэл хийж, Монголын Үндэсний музейн туршлагаас хуваалцжээ.


Түүнчлэн аймгийн Музейн мэргэжилтнүүд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнд ажилласан байна. Энэ үеэр аймгийн Музейн захирал А.Айшагүл, Түүх, археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн нар хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна.


Хамтын ажиллагааны хүрээнд Баян-Өлгий аймгийн нутагт археологийн хамтарсан хайгуул, судалгаа хийх, эрдэм шинжилгээний мэдээлэл, баримт солилцох, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, хамтын бүтээл туурвих,  сургалт явуулах, хүний нөөц бэлтгэх, тус аймгийн нутгаас олдсон олдворууд болон музейн сан хөмрөг дэх археологийн төрлийн түүхэн олдвор, үзмэрүүдийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, сурталчлах, сан хөмрөгийг баяжуулах, археологийн орчин үеийн шинэ танхим бий болгох зэрэг олон талт ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.


Энэ үеэр музейн ажилчид тус хүрээлэнгийн сэргээн засварлах лаборатори, сан хөмрөгийн үйл ажиллагаа, археологийн судалгааны үр дүнд Баян-Өлгий аймгийн газар нутгаас олдсон олдвор, эд өлгийн зүйлстэй танилцжээ.


Музейн хамт олон Улаанбаатар хотод энэ сарын 14-нийг хүртэл ажиллаж, Чингисийн музей, Байгалийн музей, Соёлын өвийн үндэсний төвд туршлага судална.      

Холбоотой мэдээ