“Дижитал аймаг”-уудыг бий болгосноор төрийн үйлчилгээ иргэн бүрд хүрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-03-10 13:21:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд шилжин ирсэн иргэдийн 13 хувь нь орон нутагтаа буцаж очих сонирхолтой байна.


Улаанбаатар хотын уугуул оршин суугчдаас ч мөн аймаг, хөдөөд, орон нутагт очиж, ажиллаж амьдрах хүсэлтэй байна. Энэ бүхний үндсэн шалтгаан нь хөдөлмөр эрхлэлттэй холбоотой, цалин орлогоо нэмэгдүүлэх, амьдралын нөхцөл байдлаа сайжруулахад оршиж байна. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Соёлын төв өргөөнд болж буй “Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулганы нээлт дээр хэллээ.


Судалгаагаар, хөдөө орон нутагт шилжин суух иргэдийн 44 хувь төрсөн нутагтаа, 27 хувь өөр газарт очиж суурьшихаа илэрхийлжээ. Тиймээс орон нутагт ажлын байр бий болгон нэмэгдүүлж, ажиллаж амьдрах боломж бололцоог сайжруулсан нөхцөлд 50-100 мянган иргэн эхний ээлжид орон нутагт шилжин суурьших боломжтой байгааг энэ үеэр онцоллоо.


Тэрбээр, төр, засгаас орон нутгийг хөгжүүлэх хүрээнд нэн тэргүүнд иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангах талаар санаачилга гарган арга хэмжээ авч, орон нутгийн удирдлагууд түүнийг бодит ажил хэрэг болгож, шилжин ирж буй хувийн хэвшлийнхэн болон иргэдийг бүх талаар дэмжин тэнд ажиллаж, амьдрах боломжоор хангахад онцгой анхаарахыг хүслээ.


Тиймээс өнөөдрийн чуулганыг Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд зохион байгуулж, хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, үзүүлж буй дэмжлэг, бусад туслалцааг иргэдэд танилцуулах зорилгоор зохион байгуулж байна гэв. Чуулганд оролцогсдын санал, байр суурь, үгийг хүргэж байна.


Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа хэлэхдээ, тус аймагт баруун бүсийн хамгийн том цементийн үйлдвэр ашиглалтад орсноор 103 ажлын байрыг одоогоор нээлттэй зарлаад байгааг дуулгаад, "Хөрөнгө оруулалтын чуулганыг аймагтаа дахин зохион байгуулж, хөрөнгө оруулагч нар болон бизнес эрхлэгчдийг урьж байгаа. Тэд бол төрөөс илүү ажлын байр бий болгодог" хэмээн онцоллоо. “Бид бусад аймаг, нийслэлээс ажиллах хүч авахаас гадна МСҮТ болон политехникийн коллежтойгоо хамтраад залуучуудыг сургаж, хүний нөөцөө орон нутагтаа бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна” гэв.

Орон нутагт шилжих иргэдийн 44 хувь төрсөн нутагтаа, 27 хувь өөр газарт очиж суурьшихаа илэрхийлжээ.

Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Нандинцэцэг, манай аймагт шилжин суурьшихаар ирж буй иргэдэд зориулан “Түрээсийн орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тэдэнд зориулан энэ оны газар төлөвлөлтөд орсон газрын 20 хувийг олгож байна. Мөн шинээр байгуулагдаж буй болон Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулах ААН-үүдэд дэд бүтцэд холбогдсон газар олгохоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө оруулсан гэв. 


Дорноговь аймагт боловсрол, эрүүл мэндийн салбарт 250 ажлын байр дутагдалтай байна. Тиймээс шинэ сургууль нээх, орон сууц барих зэргээр дутуу байгаа ажлын байранд иргэдийг татаж авахыг зорьжээ.

Аймгийн хэмжээнд энэ онд 12.4 мянган ажлын байр гаргахаар төлөвлөжээ. Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил явагдаж, 500 ажлын байр бий болж буй тул тусад нь 500 айлын орон сууц барьж байна. Харин аймгийн хувьд Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсонтой холбоотойгоор “Говийн төмөр замчин” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд төмөр замын мэргэжлээр шинээр анги нээж, энэ оны 9 дүгээр сараас орон нутагт сургаж эхлэх талаар танилцууллаа. Тус аймагт төрийн албанд 3 жил тогтвор суурьшилтай ажиллавал 3 сая төгрөг, 5 жил ажиллах юм бол 5 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс шийдэн олгож эхэлжээ.  


Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, хөдөө орон нутгийн иргэдийг цахим системд хамруулж хүртээмжтэй болгох үүднээс “Дижитал цахим аймаг” үйл ажиллагааг эхлүүлээд байна. Засгийн газар болон ЦХХХЯ аймгуудыг дижитал болгоход юу хэрэгтэй байгааг нь шаардлагаар тавиад, үнэлэн тогтоож өгч байгаа. Тухайлбал, төрийн болон нийтийн мэдээллийн хуулиудын дагуу 68 мэдээлэл ил тод байх эхний шаардлагыг хангах, мэдээлэл солилцох Үндэсний дата төвөөр дамжуулан төрийн мэдээллийн үндсэн системтэй уялдуулах зэрэг шаардлагыг тавьж байгаа.


Мөн “Нэг цэгийн үйлчилгээ”-ний тусламжтайгаар аймаг, орон нутагт анхан шатанд төрийн үйлчилгээг ойртуулж амьдралд, иргэн бүрд хүртээмжтэй болгох бүрэн боломж байна. Үүнийг аймгууд дор бүрнээ сайн ашиглах хэрэгтэй байна гэв. Тэрбээр, Увс аймагт аймгийн бүх мэдээллийг багтаасан “Увс дижитал” гэсэн гар утасны аппликейшн гарган цахим хөгжлийн сайн шийдлийг туршиж буй жишээг дурдсан юм.


“Хөдөөгийн сэргэлт” Үндэсний чуулган үдээс хойш “Бүсийн хөгжил -хамтын ажиллагаа”, “Шилжилт хөдөлгөөн ба залуусын манлайлал” хэлэлцүүлгээр үргэлжилж байна.


Чуулганаар шилжилт хөдөлгөөний талаар мэдээлэл өгөх, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг танилцуулах, бүс нутгийн хөгжил, хамтын ажиллагааг сайжруулах талаар санал солилцож байна. Мөн орон нутаг дахь хүний эрхийн асуудлыг хөндөн, шилжих хөдөлгөөнд залуучуудын оролцоог хангах, иргэдийн санал бодлыг сонсон төр, иргэн, хувийн хэвшилтэй хамтран хэлэлцэж байна.

Чуулганыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, НҮБ-ын Шилжилтийн хөдөлгөөний байгууллага, Швейцарын Хөгжлийн агентлаг, МҮХАҮТ, Жайка Монгол” байгууллага, МЗХ-ноос хамтран зохион байгуулж байна.


“Хөдөөгийн сэргэлт” Үндэсний чуулганы хүрээнд аймаг, хотууд өөрсдийн онцлогийг харуулсан үзэсгэлэнг дэлгэн танилцууллаа. 

Гэрэл зургуудыг Б.Чадраабал

Холбоотой мэдээ