СЭЛЭНГЭ: Эмнэлгийн тусламж үйлчилгээг явуулын хэлбэрээр хүргэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-03-11 14:30:44

Сүхбаатар /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн ЭМГ-аас зохион байгуулж буй Халуун сэтгэл-23” үзлэгийн баг энэ амралтын өдрүүдэд буюу 11-12-нд Ерөө суманд ажиллахаар аян замдаа гарсан байна.

 

Энэ удаагийн баг 2 чиглэлд ажиллах аж. Тодруулбал, аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн Б.Одгэрэл ахлагчтай явуулын 1-р баг Ерөө сумын Хангайн даваа, Баруун сэнстэй, Зүүн сэнстэй, Хужирт, Шаазгайт, Улаан булаг, Нарийн хөндий, Хандгайт, Жанжин толгой, Энхтал, Лазаратын ар, 5-р бригад чиглэлд ажиллана.

 

Харин аймгийн ЭМГ-ын эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Д.Дэлгэрцэцэг ахлагчтай 2-р баг тус сумын Жаргалантын тохой, Хужирын хаяа, Ангархай ам, Буйлаастай, Хүзүүвчний өвөр, Гүн толгой, Хонгорын нуруу, Модон завод, Карников, Цагаан тохой, Баянгол чиглэлд тус тус ажиллах аж.

 

Дээрх явуулын үзлэгийн багийнхан дотор, хүүхэд, эх барих, ЭХО, ЭКГ зэрэг үзлэг оношилгоог хийх юм. Мөн сумын төв буюу суурин багт сэтгэц, мэдрэл, эмэгтэйчүүд, хүүхэд, дотор, сүрьеэгийн үзлэг, рентген, ЭКГ, ЭХО зэрэг оношилгоог хийнэ.  

 

Тус багийн зорилго нь алслагдсан сум, багт амьдарч буй малчин айл өрх, отор нүүдлээр явж буй малчдад эмнэлгийн тусламж үйлчилгээг явуулын хэлбэрээр хүргэхэд чиглэж байна.

Холбоотой мэдээ