"АСЕМ вилла" төслийн зээлийн ашиглалт, зарцуулалттай холбоотой асуудлыг нягталж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсголыг Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн 1,6 их наяд төгрөгийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүн сэдвээр зохион байгуулж байна.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар “Сонсголын ирцийг Тамгын газар бүртгэж, ирээгүй гэрч, шинжээч, хянан шалгагч, ажиглагч болон холбогдох бусад этгээдэд сонсголын товыг мэдэгдсэн эсэх, ямар шалтгаанаар ирээгүй болохыг сонсгол даргалагчид илтгэн танилцуулна” гэж заасны дагуу ирцийн ерөнхий мэдээллийг УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Лхагвасүрэн танилцууллаа. Энэ удаагийн сонсголд Хянан шалгах түр хорооноос томилогдсон хянан шалгагч, шинжээч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа аж. Түүнчлэн сонсгол даргалагчийн урилгаар Нийслэлийн прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд хүрэлцэн ирсэн болохыг Ж.Лхагвасүрэн дарга танилцуулав. Хөгжлийн банкны одоогийн удирдлага, албан тушаалтнууд сонсголд оролцож байгаа бол хөндлөнгийн ажиглагчаар Нээлттэй нийгэм форум, Оюуны инновац, Цогц хөгжлийн үндэсний төв, “Бодлогод залуусын хяналт” зэрэг 4 төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байгаа аж. Сонсголоор АСЕМ вилла төсөл, АСЕМ зочид буудал, Мах хөтөлбөр 2016 он, Тайж группийн зээлтэй холбоотой багц асуудлаар дуудагдсан 68 гэрчээс асуулт асууж, холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлах ба Хянан шалгах түр хорооноос томилогдсон хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлтийг сонсоно.
Сонсголыг нээлттэй явуулж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах ч УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 45.3-т заасан үндэслэлээр түр хорооны гишүүн нийтийн сонсголыг бүхэлд нь, эсвэл зарим хэсгийг хаалттай явуулах горимын санал гаргавал гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэх дэгтэй. Нотлох баримтыг шинжлэн судлах зорилгоор гэрч, шинжээч, хянан шалгагч болон бусад оролцогчоос сонсгол даргалагч болон зөвхөн Түр хорооны гишүүд асуулт асууж болох бөгөөд асуулт хариултын хугацаа УИХ-ын чуулганы хуралдааны нийтлэг дэгийн дагуу тус бүр 4 минут байх юм. Хариулт тайлбар хангалтгүй гэж үзвэл 1 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авч болно.
Тусгай шалгалтын сэдэвтэй холбоогүй, тодорхойгүй, салаа утгатай, хөтөлсөн, гэмт хэрэгт буруутгасан, доромжилсон шинжтэй асуулт тавих нь сонсголын дэгээр хориотой. Энэ төрлийн агуулгатай байвал сонсгол даргалагч тухайн асуултыг алгасаж, хариулт авахгүйгээр дараагийн асуултыг асуух дэгийн зохицуулалттай. Мөн асуултыг алгасах саналыг гэрч хуралдаан даргалагчид гаргах боломжтой юм. Гэрчүүдийн мэдүүлэгт ноцтой зөрүү байвал сонсголын явцад тэдгээрийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах боломжтой бөгөөд хянан шалгах түр хорооны гишүүн мэдүүлгийн зөрүүтэй байдлыг гаргаж тавих, үүнтэй холбогдуулан нэмэлт асуулт асуух, эсвэл давтан асуух эрхтэй. Сонсголд оролцогчид сонсголын явцад дуу, дүрсний бичлэг хийх, зураг авах нь хориотой. Ингээд Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын зочид, төлөөлөгчдийг хүлээн авч байрлуулах АСЕМ вилла төслийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, түүнтэй холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлах ажиллагаа эхэлсэн. Эхлээд Хянан шалгах түр хорооны хянан шалгагч, шинжээчид зээлийн талаар гаргасан тайлан, дүгнэлт болон бичмэл нотлох баримтуудаа танилцуулж, Хянан шалгах түр хорооны гишүүд тайлан, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна. Энэ сонсголд нийт 240 гаруй иргэн, хуулийн этгээдийг гэрчээр дуудсан бөгөөд энэ сарын 13-17-ны өдрүүдэд 5 өдөр дараалан зохион байгуулах юм.