Усны түвшин нэмэгдсэн нь Дөргөний УЦС-ын ажилд сөргөөр нөлөөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-09-02 12:05:44

Ховд аймгийн засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Батсүх хадлангийн бүс нутагт усны түвшин нэмэгдсэнтэй холбоотой Дөргөний УЦС-ын үйл ажиллагаатай танилцав.

Дөргөний УЦС нь нийт 40 орчим ажилтантайгаас гидротехник, гидромеханик, цахилгаан, релей хамгаалалтын гэх мэт 20 орчим инженер ажиллаж байна.

Хадлангийн бүс нутагт усны түвшин нэмэгдсэн нь тус УЦС-ын үйл ажиллагаатай холбоотой эсэхийг асуухад “Манай УЦС одоогийн байдлаар тус бүр нь 3,5 мегабайт тог гаргадаг хоёр генератороор тог үйлдвэрлэж байна. Усны түвшин нэмэгдсэн нь манай станцын үйл ажиллагаатай холбоогүй, энэ жил хур бороо их орсонтой холбоотой. Энэ нь манай станцын үйл ажиллагаанд ч нөлөөлж байна. Тиймээс бид наймдугаар сарын 26-наас эхлэн уртасгасан цагаар буюу өглөөний 6 цагаас шөнийн 1 цаг хүртэл ажиллахаар болоод байна. Ингэснээр одоогийн байдлаар 30 орчим сантиметр нэмэгдээд байгаа ба цаашдаа усны түвшин 20 сантиметрээр буурах боломжтой юм. Бидний зүгээс авч чадах арга хэмжээ энэ л байна даа” хэмээн тус станцын гүйцэтгэх захирал Г.Лхагвасүрэн хэлэв.

Чоно харайхын голын усны түвшин нэмэгдсэн нь байгаль цаг уурын өөрчлөлттэй холбоотой учраас ямар нэгэн арга хэмжээ авахад хэцүү байгааг холбогдох хүмүүс нь хэлж байсан бөгөөд усны голдрилыг өөрчлөх, сувгийг боох гэх мэт өөрсдөөс шалтгаалах арга хэмжээг аваад байгаа аж.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ