Н.Энхбаяр: Зэсийн баяжмалын экспорт 3-4 дахин нэмэгдэх боломжтой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-03-14 08:28:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оюутолгойн ордын гүний уурхайн олборлолтын үйл ажиллагаа эхэлсэн түүхэн үйл явдлыг өчигдөр гол обьект болж буй гүнийн уурхай болон Өмнөговь аймгийн Ханбогд сум, мөн нийслэлд “Шангри-Ла” зочид буудалд зэрэг тэмдэглэлээ.

 “Шангри-Ла” зочид буудлын хурлын танхимд өчигдөр болсон ёслолын ажиллагаанд Оюутолгой төслийн Улаанбаатар хот дахь оффисын хамт олон, ажиллагсад болон хамтран ажилладаг байгууллагууд болон ханган нийлүүлэгч ААН-үүдийн төлөөлөл, эдийн засагч нар оролцсон юм. Энэ үеэр гүнийн уурхайн олборлолтын нээлтийг шууд дамжуулж, ирсэн эдийн засагчид, мэргэжлийн хүмүүс баяр хүргэн үг хэлж, санал бодлоо хуваалцлаа.


Эдийн засагч, судлаач Н.Энхбаяр, монголчууд бид одоогоос 45 жилийн өмнө Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулан хүлээн авч бүх нийтээр баяр хөөр болж байсан. 10 жилийн өмнө Оюутолгойн ил уурхайн анхны хүдэр олборлолт эхэлж байсан. Энэ бүх түүхэн үеийн үйл явдал өнөөдөр Оюутолгойн гүнийн уурхайн олборлолтоор үргэлжилж байна гэв.

Тэрбээр, өмнөх жилүүдэд 9 тэрбум ам.доллар байж, өнгөрсөн онд 12.5 тэрбум ам.доллар болоод буй Монгол Улсын экспорт, тэр дотроо 20-22 хувийг эзэлж буй зэсийн баяжмалын экспортын хувь, хэмжээ цаашид 3-4 дахин нэмэгдэх боломжтой болж байна гэв. Ингэснээр гадаадаас орж ирэх валютын урсгал өсөж, улмаар Монголбанкан дахь валютын нөөц нэмэгдэж, валютын ханшийг тогтворжуулах зэргээр манай улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг нэмж хэлсэн юм.




Оюутолгойн ордын гүнийн уурхайн олборлолтоор Монгол Улсын уул уурхайн үйлдвэрлэлийн түүхэн үйл явц үргэлжилж байна.



QMC” группийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, ШУТИСийн багш М.Дагва, өнөөдөр манай улсын мянга мянган уурхайчдын хувьд түүхэн, дурсгалтай сайхан өдөр тохиож буйд баяртай байна. Оюутолгойн уурхайн гүнийн олборлолтын нэг онцлог нь газрын дор байгаа хүдрийг блокчилон олборлох дэлхийн шилдэг технологийг ашиглаж байна.

Зэсийн болон төмрийн хүдрийн том биеттэй том ордыг далд аргаар олборлодог. Блокоор нь нураах энэ арга нь өнөө цагт ил уурхайгаасаа илүү хямд, өндөр хүчин чадлаар, их хэмжээгээр олборлодог онцлогтойг тэмдэглэн хэлэв.




Гадаадын хөрөнгө оруулалтаар жишиж авч үзэхэд 10 ам.доллар тутмын 7 нь Оюутолгой төслийнх байна. Сүүлийн 12 жилийн хугацаанд Оюутолгой төслөөс Монгол Улсын Засгийн газарт нийтдээ 4 тэрбум ам.доллар буюу 8.8 их наяд төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төлжээ. Энэ нь манай улсын сүүлийн 10 гаруй жилийн улсын төсвийн орлогын 10 хувьтай дүйхүйц том тоо болж байна.

“Оюу толгой” төсөлд нийтдээ 20 мянга гаруй хүн ажиллаж байгаагийн 97 хувь нь монголчууд байна. Нийт ажиллах хүчний 97 хувийг монголчууд бүрдүүлж байгаа бол 31.6 хувь нь гүний уурхайн төслийн ажилтнууд юм.


 

Холбоотой мэдээ