Монголын энхийг сахиулагчид Өмнөд Суданы эмэгтэйчүүдэд сургалт зохион байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
odondarjaa@montsame.gov.mn
2023-03-15 17:07:05

РУВЕНГ. /UNMISS/. Өмнөд Суданд НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд оролцож буй Монголын “цэнхэр дуулгатнууд” Рувенгийн засаг захиргааны бүсийн Парянг хотод “Эмэгтэйчүүдийн анхан шатны эрүүл мэнд, эрүүл ахуй” сэдвээр сургалт зохион байгуулжээ.


"Цэнхэр дуулгатнууд"-ын зохион байгуулсан сургалтад эх баригчид, багш нар, иргэний нийгмийн болон засаг захиргааны байгууллагын төлөөлөгчид, өсвөр насны охид зэрэг 50 гаруй эмэгтэйчүүд оролцсон байна.


Дэлхийн хамгийн отгон улс болох Өмнөд Суданы Рувенгийн засаг захиргааны бүсийн Эрүүл мэнд, байгаль орчны газрын дарга Адут Дхию Мониёк уг сургалтын нээж үг хэлэхдээ, “Эрүүл мэндийн байгууллагууд, ялангуяа эмэгтэйчүүдэд зориулсан эрүүл мэндийн үйлчилгээ хомс байгаагийн улмаас бид их зовж шаналж байна” гэжээ.


Энэхүү сургалтын явцад эмэгтэйчүүд, охидод анхан шатны эрүүл мэндийн ойлголт, эрүүл ахуйн асуудал, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ундны уснаас үүдэлтэй өвчлөлийн талаарх мэдлэг олгон гараа яаж зөв угаах талаарх зөвлөмж өгсөн байна.


“Би энэ сургалтад оролцсондоо их баяртай байна. Төрөлтийн хүндрэл энд их түгээмэл байдаг. Эрүүл ахуйн дэглэмийг сахиж, ариутгалыг өндөр түвшинд хийх нь төрөх үеийн хүндрэлээс зайлсхийх үндсэн зарчим гэдгийг над шиг эх баригч нар ойлгох нь маш чухал байлаа”  гэж эх баригч Мэри Абуи Кур ярилаа.


Сургалтын үндсэн хөтөлбөр дууссаны дараа сургалтад хамрагдсан охид эмэгтэйчүүд НҮБ-ын эмэгтэй энхийг сахиулагчидтай чөлөөт уулзалт хийжээ. “Монголоос ирсэн эдгээр гайхалтай ирмүүн бүсгүйчүүдтэй бүтэн өдрийг хамтдаа өнгөрөөхөд бахдам сайхан байлаа” гэж сургалтад оролцсон өсвөр насны охин Эеэн Энтони Киир сэтгэгдлээ ярьж, “Би эрүүл мэндийн олон ашигтай дадлын талаар мэдэж авснаас гадна, Монгол бүсгүйчүүдтэй гар бөмбөг тоглож, бас бүжгийн хэд хэдэн шинэ гишгэдэл залгаад авлаа шүү дээ. Би том болоод яг энэ бүсгүйчүүдтэй адилхан өөртөө итгэлтэй, зоригтой болохыг хүсэж байна” гэж нүүр дүүрэн инээмсэглэн хэлжээ.


Холбоотой мэдээ