2.6 тэрбум хүн "зика" тархах эрсдэлтэй бүс нутгуудад амьдарч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2016-09-02 14:31:25

МОСКВА. /Sputnik/. Манай гарагийн хүн амын гуравны нэг хувь буюу Африк болон Ази-Номхон далайн бүс нутагт амьдарч байгаа 2.6 тэрбум хүн шумуулаар дамждаг “зика” вирусийн халдвар авах эрсдэл байгааг судалгаа харууллаа.

Халдварт өвчин судлалын “Lancet” сэтгүүлд пүрэв гарагт нийтлэгдсэн судалгааны тайланд “энэ хоёр бүс нутгийн хүн амын дийлэнх нь буюу Энэтхэг, Хятад, Индонез, Филиппин болон Таиландын иргэд халдвар авах эрсдэл өндөр байна” гэж дурджээ.

“Зика”-гийн халдвар тархах эрсдэлтэй улсуудын жагсаалтын хамгийн эхэнд 1.2 тэрбум орчим хүн амтай Энэтхэг улс бичигдсэн байна.

Харин хоёрдугаарт Хятад улс орсон бөгөөд тус улсад “зика” тархах эрсдэлтэй бүсүүдэд 242 сая хүн амьдарч байна. Харин Индонез дахь “зика” тархах эрсдэлтэй бүсэд 197 сая хүн, Филиппинд 70 сая, Таиландад 50 сая хүн амьдарч байгаа ажээ.

Уг судалгаанд “уг вирусийг тээгч шумуулууд амьдрахад таатай орчин бүхий эдгээр бүс нутагт эдгээр хүмүүс амьдарч байна” гэж тайлбарлажээ.

“Зика” вирус нь шумуулаар /Aedes/ дамждаг бөгөөд насанд хүрсэн хүн "зика" вирусийн халдвар авсан тохиолдолд ноцтой хүндрэл учрахгүй боловч жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд тархины төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай, хэт жижигхэн толгойтой хүүхэд төрдөг юм. Энэ вирус 2015 оны хавар Бразилд тархаж эхэлсэн билээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ