ДАРХАН-УУЛ: Спортын мастер Л.Ариунболд гурав дахь удаагаа түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-03-20 10:07:58

Дархан /МОНЦАМЭ/. Монголын автомастеруудын холбооноос зохион байгуулдаг цуврал уралдааны нэг “Чингис мастер кросс” уралдаан энэ сарын 18-ны өдөр Дархан хотноо боллоо.

25 дахь жилдээ зохион байгуулж буй уг уралдаанд энэ жил 60 гаруй тамирчин оролцож шилдгүүдээ тодрууллаа. "Ковид-19" цар тахлаас шалтгаалан хоёр жил өнжсөн уг уралдааны 23 дахь гараа ширүүхэн, өрсөлдөөн ихтэй байлаа. Уралдааны босоо аварга МУГТ Д.Болдбаатар автомашин моторын доголдлоос шалтгаалан дундаас нь орхиж бусад тамирчинд илүү боломж нээгдсэн уралдаан болов.



Хэсгийн 4, хагас шигшээ 2, финалын нэг гараанаас шилдгүүд тодорлоо. Тамирчдын ур чадвар, тэсвэр тэвчээр, уран жолоодлого эр зоргийг шаардсан “Чингис мастер кросс-2023” уралдааны тэргүүн байрыг 36 дугаартай АБДМ Арвижих ХХК, Lexus service speed automoto, Шинэ барилга ХХК, Хүрмэн Хаш ХХК-ийн тамчирчин Спортын мастер Л.Ариунболд тэргүүллээ.  Түүний хувийн амжилтын 31 дэхь түрүү бол Чингис мастер кросс уралдааны гурав дахь түрүү аж.




Дэд байрт 12 дугаартай Lexus service, speed, mon and s” ХХК-ийн тамирчин ОУХМ Б.Ган-Од, гутгаар байрт 68 дугаартай Автохим, Зоост Буудай, Speed Energy LLC, Аваргууд клубийн тамирчин спортын мастер Ш.Гомбодорж нар эхний гуравт шалгарлаа. Тусгай байрт 58 дугаартай ТВ5, Батжандаг ХХК-ны тамирчин спортын мастер Э.Пүрэвбаяр, 133 дугаартай Сафаа групп, Хөх сэхийн оргил, Ган Хүлэг клубын тамирчин Ж.Серикжан нар энэ жилийн шилдгүүдээр тодорчээ.



 

Уралдааны үеэр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Нэгдсэн эмнэлэг, Тохижилт, үйлчилгээний газар, Соёл, урлагийн газар, Залуучууд театр, Захирагчийн ажлын алба зэрэг төрийн байгууллагууд уралдааныг эмх журамтай, аюулгүй, цэвэр цэмцгэр, зөв боловсон зохион байгуулахад тус тусын үүргийг гүйцэтгэн оролцлоо.



Уг уралдаан нь Дархан хотын уугуул, УИХ-ын гишүүн М.Чимэдцэрэн агсны нэрэмжит бөгөөд анх 1998 оноос жил бүр зохион байгуулж ирсэн түүхтэй.

Холбоотой мэдээ